Хэвлэлийн мэдээ: Говийн малчдын мал сүрэгт үзлэг, үнэлгээ хийж байна

Монгол улс, Өмнөговь аймаг – Оюу Толгой ХХК орон нутгийн малчидтай олон чиглэлээр хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсээс хэрэгжүүлдэг 'Бэлчээрийн менежментийн хөтөлбөр' юм. Уг хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчдын мал сүрэгт эрүүл ахуй, эрүүл мэндийн үнэлгээ хийх, өвчлөлийн зэрэглэл тогтоох ажил зохион байгуулж байна.

Үүгээр уул уурхайн бүс нутгийн мал сүргийн эрүүл ахуйн одоогийн нөхцлийг тогтоож, улмаар эрүүлжүүлэх зорилготой юм. Ажлын явцын талаар Малын эрүүл мэндийн төслийг гүйцэтгэгч 'Бизнесийн амжилтын түлхүүр' ТББ, 'Сонор' мал эмнэлгийн ерөнхий эмч Ц.Өлзийбуянгаас тодруулахад “Одоогоор 40 өрхийн 10 мянган гаруй малд үзлэг, тандалт хийгээд байна. Бас малаас дээж авч мэргэжлийн лабораториудад шинжилгээ хийлгэн, дүгнэлт гаргах юм. Энэ ажилд сумын малын эмч нар, малчид идэвхтэй оролцож, Мал эмнэлэг, үржлийн тасгийнхан тусалж байгаа” хэмээн ярилаа. Энэ ажлын хүрээнд 130 орчим малчин өрхийн мал сүрэгт үзлэг, үнэлгээ хийхээр төлөвлөжээ.

Манай улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 70 хувийг мал аж ахуйгаас үйлдвэрлэдэг. Тиймээс малын эрүүл ахуйг сайжруулснаар малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг олон асуудлыг шийдэх юм. Бүтээмж сайтай, зах зээлийн баримжаатай мал аж ахуйн салбар бий болгохын тулд эхний ээлжинд малын эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлж, хяналт үйлчилгээг сайжруулах шаардлагатай байдаг. Тиймээс Оюу Толгой компани энэхүү Малын эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.