Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК ‘Оны онцлох 10 аж ахуйн нэгж’-ийн нэг боллоо

Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК 2013 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Энэ бүх амжилтыг олон байгууллага, газраас үнэлж байгаа юм. МҮХАҮТ нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг өргөмжлөн шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн 'ENTREPRENEUR-2013' шалгаруулалтын 'Оны онцлох 10 аж ахуйн нэгж'-ийн нэгээр Оюу Толгой ХХК тодорлоо. Уг нэр хүндтэй шагналыг Оюу Толгой ХХК-ийн Засгийн газар, үйлдвэрлэлийн харилцаа эрхэлсэн дэд захирал Ц.Содхүү гардан авч “2013 оны 'Онцлох 10 аж ахуй нэгж'-ийн нэг болсондоо баяртай байгаагаа Оюу Толгой компанийн нийт ажилтны өмнөөс илэрхийлж байна. Оюу Толгой компанийн хувьд 2013 он амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Энд олон ажил дурдаж болох ч заримыг нь онцлон хэлмээр байна. Оюу Толгой уурхай энэ оны 1 дүгээр сард анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэж, 7 дугаар сараас дэлхийн зах зээлд нийлүүлж эхэллээ. Ингэснээр эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрээ орууллаа. Оюу Толгой компани байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны олон улсын тэргүүний туршлага болох ISO 14001, OHSAS 18001 стандартуудыг нэвтрүүлж баталгаажуулалтын гэрчилгээгээ авлаа” хэмээн хэллээ.

Оюу Толгой компани үүнээс гадна уурхайдаа аюулгүй ажиллагааг нэн түрүүнд тавьж, Рио Тинто компанийн шилдэг туршлага, арга барил, стандартыг хэвшүүлж байна. Монголд анх удаа 'Эрсдлийг үзүүлэх сургалтын төв'-ийг уурхайн талбайд ашиглалтад орууллаа. Мөн үндэсний ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэн тэлж, бэхжүүлж, 2013 онд шинээр 400 гаруй ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж, нийт ханган нийлүүлэгчдийн 76 хувийг үндэсний болон Өмнөговийн аж ахуйн нэгж, байгууллагууд эзлэх боллоо. Үүний зэрэгцээ өмнийн говьд томоохон ажлууд хийж гүйцэтгэлээ. Нийт 7,6 тэрбум төгрөгийн санхүүжилтаар уурхайгаас Ханбогд сумын төв хүртэлх 40 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга байгууламжыг барьж байнгын ашиглалтад өгсөн юм. Ханбогд сумын төвд 5 км хатуу хучилттай автозам барих ажлыг санхүүжүүлж, сумын автозамын хөдөлгөөнийг сайжруулах, тоосжилтыг бууруулахад хувь нэмэр орууллаа.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.