Оюу толгой Монголчууддаа өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна

Геологи, уул уурхайн салбарын ахмадын холбооны тэргүүн И. Логшир: Монголчууд "мянга сонсохоор нэг удаа үз" гэлцдэг. "Оюу толгой"-н бүтээн байгуулалтыг анх удаа үзлээ. Хөрөнгө оруулагчид ямар их том бүтээн байгуулалт хийснийг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байна. Энэ том бүтээн байгуулалтад монголчууд гар бие оролцсон гэж бодохоор бас л бахархмаар байлаа. Дэлхийд эхний аравт багтах том орд Оюу толгойн уурхай Монголын ард түмэнд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна. Хүний төлөө хэрхэн их анхаарч, ажиллах орчин нөхцөл, аюулгүй ажиллагааг нь сайтар хангадаг нь сайхан сэтгэгдэл төрүүллээ. Юутай ч энд ажилладаг хүмүүс сэтгэл хангалуун байдаг байх аа. Голдуу залуус ажиллаж байгааг харж, Монголын ирээдүй, хойч үеийнхнээрээ бахархах сэтгэл төрлөө. Одоогийн байдлаар ил уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Харин энэ том бүтээн байгуулалтын талаархи үнэн бодитой баримт мэдээлэл, сурталчилгааг хэвлэл мэдээллээр дамжуулан олон түмэнд хүргэх ажлаа улам эрчимжүүлээсэй. "Оюу толгой" төслийн талаар буруу ташаа мэдээлэлтэй хүн цөөнгүй байдаг учраас ингэж хэлж байгаа юм.