Олон талт хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Х.Лхамаа: Ахмад уурхайчид, геологичдын аялал үнэхээр үр өгөөжтэй болж, сайхан сэтгэгдэл үлдээлээ. Улс орондоо хийсэн хөдөлмөр бүтээлтэй, нас намбатай ахмад хүмүүс болохоор аливаа юманд ноён нуруутай, голч шулуун ханддаг юм байна. Бүгдээрээ уул уурхайнхан учраас бүхнийг мэргэжлийн хүний нүдээр харж, үнэлж дүгнэж байх нь содон байлаа. Монголын уул уурхайн салбарт амьдралынхаа ихэнхийг зориулсан үнэ хүндтэй, алдар нэртэй хүмүүс үүх түүхээ хүртэл сайн мэдэж, хууч хөөрч байхыг харахад бахархмаар. Би Оюу толгойн уурхай руу янз бүрийн бүрэлдэхүүнтэй цөөнгүй аялал зохион байгуулж, олон арван хүнийг өмнийн говьд өрнөж буй энэ том бүтээн байгуулалттай танилцуулсан. Энэ салбарын ахмадууд шиг "Оюу толгой"-н бүтээн байгуулалтыг үзээд чин сэтгэлээсээ бахархан биширч, баярлан бахдаж байсан хүмүүс нэг их олныг үзсэнгүй. Геологичид, уурхайчид, баяжуулагчид гэдэг маань ямагт шинийг эрэлхийлж, байнга урагшаа харж явдаг, оргилуун хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байдаг ажээ. Зөвхөн уул уурхайнхан төдийгүй бүхий л салбарын ахмадуудыг "Оюу толгой"-н үйл ажиллагаатай танилцуулах аяллыг тогтмол зохион байгуулбал "ахмадын сургаал алт" гэдэг мэргэн үг жинхэнэ утгаараа амьдралд биеллээ олох юм байна гэдгийг сайтар ойлголоо.
Leave a Reply
You must be logged in to post a comment.