– Уул уурхайн мэргэжлийн ажилтнаа анх удаа 4 жилээр сургаж байна –
Өнөөдөр Монгол улсад бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж, мэргэжилтэй ажилтны хэрэгцээ улам бүр өссөөр байна. Уул уурхай, барилга, зам, дэд бүтэц гэсэн томоохон ажлуудад механикч, токарьчин, цахилгаанчин, гагнуурчин гээд нарийн мэргэжилтэй хүмүүсийн оролцоо асар их. Хөдөлмөрийн зах зээлд ийм эрэлт хэрэгцээ үүссэн ч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчид бүрэн хангахгүй байна. Тиймээс томоохон компаниуд ажилчдаа бэлтгэх урт, богино хугацааны сургалт зохион байгуулах болжээ.
Дэлхийд тэргүүлэгч Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК ажилтнаа бэлтгэх таван жилийн төлөвлөгөө гаргаж, 2010 оноос жил бүр тодорхой тооны суралцагч авчээ. Харин өнгөрсөн жилээс 21 аймгаас хүмүүс шалгаруулж, хүнд тоног төхөөрөмжийн механик, токарьчин, цахилгаан, нарийн хэмжүүр, автоматжуулалтын техникч, цахилгаанчин, гагнуурчин зэрэг мэргэжлээр Монголд анх удаа дөрвөн жилийн хугацаатай бэлтгэж эхэлсэн юм. Эдгээр хүмүүсийг Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль болон Трансвест Монгол, Вагнер Ази компанийн дэргэдэх сургалтын төвд бэлтгэж байна. Оюу Толгой компанийн суралцагчид хоёр жил онолын хичээл үзэж, хоёр жил дадлага хийх юм. Суралцагчдын нэг ээлж Оюу Толгой уурхайд дадлага хийх үеэр уулзаж, ярилцлаа. Дадлага удирдаж байгаа 'Трансвест Монгол' ХХК-ийн Засвар үйлчилгээний ахлах ажилтан Р.Ганболд “Оюутнууд сурч байгаа чиглэлийнхээ дагуу техникийн засвар үйлчилгээ хийх, оношлох, ажлыг хэрхэн аюулгүй хийх талаар дадлагажиж байна. Оюутнууд анхны жилээсээ эхлээд 6 сар тутам дадлагажина. Оюутнууд маань идэвхтэй, сурах сонирхолтой байдаг” хэмээн ярилаа. Суралцагч Б.Доржсүрэн “Дадлага үр дүнтэй байгаа. Онолоор сурснаа дадлага дээр хэрэгжүүлж байна. Уул уурхайн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр ажилладаг” гэсэн бол Ч.Амарбаясгалан “Сургалтын чанар их сайн. Өөрөө хичээгээд сурвал олох ёстой бүх мэдлэгээ авах боломжтой. Сургуулиа төгсөөд Оюу Толгойд ажиллах хүсэлтэй явдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Харин Өмнөговиос ирсэн З.Мөнхбат “Бид жилд 2 удаа хавар, намар дадлагад гардаг. Энэ миний 4 дэх дадлага. Дадлагаас дадлагад чанаржиж байна” гэлээ.
Оюу Толгой компани эдгээр суралцагчдад сар бүр цалин, унааны мөнгө олгож, сурах боломж, нөхцөл бүрдүүлж байна. Мөн жилд 2 удаа орон нутаг руугаа ирэх, буцах замын зардал өгдөг. Өнөөдөр Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль болон Трансвест Монгол, Вагнер Ази компанийн дэргэдэх сургалтын төвд суралцаж байгаа зуун зуун Монгол залуус сургуулиа амжилттай төгсч Оюу Толгой компанийн шаардлага хангавал үндсэн ажилтан болох боломжтой юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.