Ярилцлага: Д.Лхагвасүрэн “Мэдээллийн төвийн номын сангаа бест селлер номуудаар шинэчиллээ”

– Өнөөдрийг хүртэл 6,000 гаруй хүнд үйлчлээд байна –

Өнөөдөр хүмүүст аливаа байгууллага, компанийн тухай үнэн зөв мэдээлэл авах, боловсруулах хэрэгцээ өдөр бүр гарах болсон билээ. Тиймээс Оюу Толгой ХХК Мэдээллийн төвөө Улаанбаатар хотын төвд нээгээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ төвд байнга уулзалт, арга хэмжээ болж, хүмүүсийн хөл тасардаггүй. Мэдээллийн төвийн сонинг дуулгахаар ажилтан Д.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

Мэдээллийн төвийнхөө талаар товч танилцуулна уу?
Оюу Толгой компани Мэдээллийн төвөө 2011 оны эхэнд нээж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Мэдээллийн төв маань олон нийтэд Оюу Толгой компанийн бүхий л үйл ажиллагааг хамарсан мэдээ мэдээллийг үнэн бодитоор, ил тод, нээлттэй хүргэх. Бас ирсэн зочдынхоо сонирхсон бүх асуултад өөрсдийн чадах мэдэх хэмжээнд хариулж, мэдлэг мэдээллээ хуваалцах явдал юм.

Мэдээллийн төвийн номын сангаар иргэд хэрхэн үйлчлүүлдэг вэ?
Оюутан залуус ихээр үйлчлүүлдэг. Мэргэжлийн болон утга зохиолын ном түлхүү сонирхдог. Манай Мэдээллийн төв их дээд сургуулиудад ойр байрладаг учраас оюутнуудад амар. Мөн утасгүй интернэтийн сүлжээтэй. Оюутан залуус маань сүүлийн үед гарсан сонирхолтой ном сэтгүүл, мөн эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээрх шинэ ном тайван орчинд тухлан уншиж, интернэтээр аялах боломжтой. Мөн шаардлага хангасан тохиолдолд 1-3 хоногийн хугацаатай ном авч, гэрээр уншиж ч болно.

Номын сангаа хэрхэн баяжуулдаг вэ, хүмүүс хүссэн мэдээллээ авах боломжтой юу?
Номын фондыг Оюу Толгой компаниас жилд 1-2 удаа худалдан авалт хийж, арвижуулдаг. Одоогоор уул уурхай, нийгэм эдийн засаг, утга зохиол, сэтгүүл зэрэг 250 гаруй төрлийн 1,000 гаруй ном, мөн бестселлерүүд байгаа. Хэрэв хүмүүс манай төвд байгаа номуудтай танилцахыг хүсвэл www.ot.mn цахим хуудасны Мэдээллийн төвийн Улаанбаатар хот дахь салбар луу орж, манай номын жагсаалтыг харах боломжтой. Мэдээллийн төвөөр хүрэлцэн ирсэн хүн бүр Оюу Толгой компанийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцах бүрэн боломжтой юм.

Мэдээллийн төвд өнөөдрийн байдлаар хэдэн хүн зочилсон бэ. Хүмүүс ямар мэдээлэл голчлон сонирхдог вэ?
Бид үүдээ нээснээс хойш өнөөдрийг хүртэл 6,000 гаруй хүнд үйлчлээд байна. Хүмүүс ихэвчлэн Оюу Толгойн тэтгэлэгт хэрхэн хамрагдах, манай компанийн ханган нийлүүлэгч яаж болох, ажлын байр, сургалтын талаар асуудаг. Мөн бид хэрхэн олборлолт явуулдаг, байгаль орчинд үзүүлэх уурхайн нөлөөллөө яаж бага төвшинд байлгах, үүний тулд ямар ажлууд хийдэг гээд компанийн бүхий л үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг.

Олон нийтэд өгч байгаа та бүхний мэдээлэл үнэн зөв гэдгийг хэн батлах вэ?
Бид Оюу Толгой компани дотроо Хангамж, худалдан авалт, Сургалт, Засгийн газартай харилцах, Орон нутгийн харилцаа, Хүний нөөц, Байгаль орчин, Баяжуулах, Ил уурхай гээд яг тухайн асуудал, чиглэлийг хариуцан ажиллаж байгаа хүсүүтэйгээ шууд холбоотой ажилладаг. Эдгээр хэлтэс, салбар өөрсдийн үйл ажиллагаатай уялдуулан, төрөл бүрийн сургалт, семинар, хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг. Манай мэдээллийн төвийн ажилтнууд мөн Оюу Толгой уурхай байнга явж, төслийн талбай дээр болж байгаа сүүлийн үеийн мэдээллээр өөрсдийгөө байнга цэнэглэж байдаг. Оюу Толгой чинь маш том төсөл, ажил үйлс нь байнга ундарч байдаг газар шүү дээ.

Мэдээллийн төвийн хаяг, холбогдох утсыг хаанаас авч болох вэ?
Бидэнтэй 353366 тоот утсаар холбогдоно. Манайх МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн 4, 5 дугаар байрны баруун талд Одкон холдингийн нэг давхарт байрладаг. Үүнээс гадна OTinfoCenter@ot.mn, www.ot.mn, Facebook.com/OyuTolgoi, www.Twitter.com/OTMongolia хаягаар холбогдож болно.

Бид ирсэн зочидтойгоо байнгын холбоотой байх үүднээс цахим шуудангийн хаягаар нь Оюу Толгойтой холбоотой мэдээлэл хүргэж, хүмүүсийн талархлыг хүлээж байна.