‘Говийн шим’ нутгийнхандаа шимээ өгсөөр байна

Зах зээлийн зарчимд суурилсан, уул уурхайгаас хараат бус, бие даасан бизнесийг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийг дэмжиж, хувь нэмэр оруулах зорилготой 'Говийн шим' хөтөлбөр хэрэгжиж байна. Оюу Толгойн уурхайн нөлөөллийн бүсэд оршдог Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад суманд хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь 'Тогтвортой хөгжил үйлдвэрлэлээс эхэлнэ' уриатай.

Манлай суманд талх, нарийн боов, зурагчин, тахианы аж ахуй, Ханбогдод сүүний үйлдвэр, үнээний ферм, гуталчин, халуун ус, үсчин, Баян-Овоод бялууны цех, Даланзадгадад тоосго, блокны үйлдвэр, оёдол, эсгүүр, цайны газар, авто засвар гэх мэт чиглэлээр бизнес хөгжиж байна. Ханбогдод 15, Баян-Овоо, Манлайд тус бүр гурван га талбайд хүнсний ногоо тариалсан. Оюу Толгой компани үрээр хангах, худаг гаргах, хүлэмж барих зэрэг ажлыг санхүүжүүлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд 100-гаад хүнийг сургалтад хамруулж, 54 ажлын байр шинээр бий болгосон. "Говийн шим" говьд үр шимээ өгч байна. Ханбогдын сумын малчин Т.Цогтбаатар сумынхаа сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хариуцаж ажиллаж, байгалийн цэвэр бүтээгдэхүүн, цэвэр сүүгээр сурагчдын хэрэгцээг хангаж байна.