Хэвлэлийн мэдээ: Ёс заншлын өргөөтэй боллоо

Монгол улс, Өмнөговь аймаг – Оюу Толгой ХХК орон нутгийн уламжлалт соёлыг хүндэтгэн дээдэлж, хадгалж хамгаалах, өвлүүлэн үлдээхэд анхаарч ажилладаг. Энэ ажлын хүрээнд уурхайн ажилтнуудад говь нутгийн уламжлалт соёл, өвөрмөц зан заншлыг сурталчлан таниулах зорилгоор Ёс заншлын өргөө байгуулж, 12 дугаар сарын 25-нд Оюу Толгой төслийн талбайд нээлээ. Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтэс Ханбогд сумын ахмадын холбоотой хамтран энэ үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд Оюу Толгой ХХК-ийн Уурхайн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Жак Сато уригдан оролцлоо. Тэрээр “Оюу Толгой уурхайд Монгол орны 21 аймаг төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс ажилладаг. Эдгээр хүмүүс говь нутгийн өв соёл, ёс заншилтай танилцах, суралцах боломж нээгдлээ. Энэ ажилд хичээл зүтгэл гарган оролцож байгаа Ханбогд сумын ахмадуудад баярлалаа” хэмээн хэллээ.

Түүнчлэн Ханбогд сумын Ахмадын хорооны дарга Х.Амбаа “Эрт үеэс уламжилж ирсэн өв соёл, ёс заншил мартагдаж байна. Үүнийг сэргээж хойч үе, залуустаа, үүн дотор газар газраас цугларсан уурхайн ажилчдад сурталчлан таниулахаар Оюу Толгой компанийн Соёлын өвийн хөтөлбөртэй хамтран энэ төслийг 2013 оны 11-р сараас хэрэгжүүлж эхэлсэн” хэмээн арга хэмжээний зорилгоо тайлбарлав.

Нутгийн ахмад настан, гавъяат малчин Д.Хүүхэн гуай өргөөг аравнайлж даллага авлаа. Мөн өргөөний жаврыг үргээж морин хуурч Б.Хүдэрбат хуур татаж, ардын авъяастан И.Тогооч уртын дуугаар ая өргөв. Үүний зэрэгцээ Ахмадын хорооны Соёлын өвийн ажилтан Х.Нойноо говь нутгийн өв соёл, ёс заншлаас хүмүүст товч танилцуулсан юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.