Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК-ийн ТУЗ 2014 оны төсвөө баталлаа

Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) ээлжит хурал энэ оны 12 дугаар сарын 11-12-нд Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Энэхүү хурлаар ТУЗ-ийн гишүүд тус компанийн 2014 оны төсвийг санал нэгтэй баталсан билээ. Ингэснээр Оюу Толгой уурхайн цогцолборын үйлдвэрлэл, үйл ажиллагааг 2014 онд тогтвортой явуулах бэлтгэлийг хангах боломж бүрдэж байгаа аж.

Оюу Толгой төсөл нь барилга, бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлд шилжсэнээс хойшхи анхны бүтэн жилийн төсөв ийнхүү батлагдаж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Бид 2014 онд үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах ёстой. Тиймээс Оюу Толгой компанийн хамт олны хувьд төслийн оролцогч талуудад үр өгөөжөө өгөх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа тогтвортой бөгөөд аюул осолгүй явуулах өндөр үүрэг, хариуцлагатай жил хүлээж байна” гэж хэлэв.

Харин Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Крэйг Киннел "Компанийн 2014 оны төсвийг ТУЗ санал нэгтэй баталсан нь манай 8,000 орчим ажилсаг хамт олонд итгэл төрүүлж, урам зориг өгч байна. Бид 2013 онд аюул осолгүй ажиллаж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа жигдрүүлж, нэмэгдүүлсэн бол ирэх онд бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэл, экспортыг тогтвортой явуулах бэлтгэл ажилдаа ороод байна" гэлээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.