– Оюу Толгой ХХК Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд 39 худаг засаж, сайжрууллаа –
Монгол улс, Өмнөговь аймаг – Говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр нь худаг. Нэгдлийн үед худаг гаргах, сэргээн засах ажил нэлээд хийдэг байв. Гэвч нэгдэл тарснаас хойш хүн хүч, техник, хөрөнгө мөнгө дутагдаж, худаг гаргах, засах ажил бараг хаягджээ. Худгуудын ихэнх нь 50-60 жил эргүүлж хаших ажил хийгдэлгүй, хашилтын хана нь нурж дарагдан, усны түвшин буурч, ундарга нь ч мууджээ. Тиймээс Оюу Толгой ХХК уурхай орчмын сумдын малчид, орон нутгийн захиргаатай хамтран шинээр худаг гаргах, хуучин худгуудыг засч сайжруулах ажлыг гурван жил дараалан хийж байна. Энэ жил Оюу Толгой компанийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдад нийт 27 гар худаг, 12 гүн өрмийн худаг засаж сайжруулсан юм. Үүнээс Манлай суманд 11 худаг гаргаж, малчдад нь саяхан хүлээлгэн өглөө. Худаг сайжруулах ажлын талаар Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн ажилтан П.Болд “Өмнөх хоёр жил зөвхөн Ханбогд суманд худаг засаж байсан. Энэ жилийн гол онцлог нь бэлчээрийн уст цэг сэргээн засварлах ажил Манлай, Баян-Овоо суманд хүрээгээ тэлж байна” гэж ярилаа.
Малчид засуулах худгаа сонгохдоо багийн даргадаа хүсэлтээ гаргаж, хэдэн онд эвдэрч дарагдсан, бэлчээрийн нөхцөл, хэдэн айлын мал услах боломжтой зэргийг харьцуулан хэлэлцэж, баталсан байна. Малчид худгаа хүлээж авсны дараа хамгаалах, арчлах ажлаа хариуцах юм. Худгаа хүлээж авсан Өмнөговь аймгийн Манлай сумын малчин Д.Амгалан “Хэн ч ирсэн энэ худгийг ашиглах боломжтой, үнэхээр зөв зүйтэй ажил болжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол тус сумын ЗДТГ-ын Бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа “Малчдаас ус ховордлоо, худаг ус гаргаж өгөөч гэсэн санал их ирдэг. Тиймээс худаг гаргасан нь их хүртээмжтэй ажил болж байна” гэж ярилаа. Худаг гаргах, засварлах ажлыг 'Ус эрдэнэ', 'Геомандал', 'Болор ус' зэрэг мэргэжлийн компаниуд гэрээгээр гүйцэтгэжээ. Эдгээр компаниуд худгуудыг малтаж, хашилт, шүүр, хамгаалалт, давхарлалт хийх зэрэг ажлыг технологийн дагуу хийжээ.'Болор ус' ХХК-ийн захирал Л.Өлзийжаргал “Ер нь гар худгийн ажлыг нэг удаа сайн хийчихвэл эвдрэл багатай, эдэлгээ удаан байдаг. Ялангуяа ийм бетонон цагирагтай худгийг 50 жил ашиглах боломжтой” хэмээн тайлбарласан юм.
Энэ жил нийт 39 худаг зассанаас 22 нь Ханбогд суманд, 6 нь Баян-Овоо суманд, 11 нь Манлай суманд байгаа юм. Ингэснээр эдгээр сумдын бэлчээрийн усан хангамж сайжирч, малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутгаа сэлгэж ашиглах боломж бүрдэж байгаа юм.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.