Нийтлэл: Үл тасрах өгөөж-3

– Оюутнуудыг гадаад, дотоодын их, дээд сургуульд тэтгэлгээр сургаж байна –

Алс баруун хязгаар Увс нутгийн хөвгүүн олон мянган оюутнаас шалгарч, уул уурхайн компанийн тэтгэлгээр Америкийн Ютагийн их сургуульд суралцаж байгаа тухай хэвлэлээр гарч байсан. Монголчууд бидний хэлдэг “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийн утгыг эндээс харахаар. Тэгвэл олон зуун оюутанд ийм итгэл, зорилго, тэмүүлэлтэй суралцах боломжийг Оюу Толгой ХХК-ийн тэтгэлэгт хөтөлбөр өгч байна. Аливаа улсын хөгжлийг мэдлэг, чадвартай иргэд нь тодорхойлж, авч явдаг нь үнэн. Тиймээс оюутан залууст зориулж хөрөнгө оруулна гэдэг нь тухайн улсын боловсролд төдийгүй цаашлаад хөгжил, ирээдүйд нь хурд нэмж байгаа хэрэг. Энэ хөрөнгө оруулалтыг мөнгөөр тооцож, цаг хугацаагаар хэмжих боломжгүй. Учир нь эрдэм боловсролтой иргэд ирээдүйд улс орондоо ихийг хийж, бүтээнэ, бас хөгжүүлнэ. Оюу Толгой компани 2010 онд БСШУЯ-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Үүгээр 2010-2015 онд 200 оюутанд дотоодын, 30 оюутанд гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэг олгохоор төлөвлөсөн бөгөөд 650 гаруй сая төгрөг зарцуулах юм.

2011 оны Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр 2013 оны Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр

Өнөөдрийн байдлаар дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт 135 оюутан хамрагджээ. Жил бүрийн 9 дүгээр сард энэ хөтөлбөрийг орон даяар нээлттэй зарладаг. Энэ жилийн тэтгэлэг авсан оюутнуудад батламж гардуулах ёслол өнгөрсөн долоо хоногт болсон юм. Эдгээр оюутнуудыг шалгаруулж авахдаа дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2-4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан, бас уул уурхай, металлурги, баяжуулалт, геологи, механик, цахилгаан, хими, байгаль орчин, барилгын инженерийн чиглэлээр суралцдаг, сурлагын голч дүн 3.2-оос дээш, бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх гэсэн ерөнхий шалгуурууд тавидаг байна.

Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн Сургалтын мэргэжилтэн Ё.Лхамаа “Оюутны тухайн сургуульд суралцах сургалтын төлбөрийг төлж, сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг өгдөг. Хөдөө орон нутгийн оюутан бол дотуур байрны төлбөрийг төлнө. Оюутнууд сургалтын төлбөр, дотуур байрны зардал, хэрэглээний мөнгөндөө санаа зовохгүй сурна гэдэг том боломж, том дэмжлэг” хэмээн тодорхойлж байсан. Бас 2-р курсад суралцдаг оюутан тэтгэлэг авлаа гэхэд сурлагын голч дүн 3,2-оос дээш байвал сургууль төгсөх хүртлээ үргэлжлүүлэх болно. Энэ бол тэтгэлгийн бас нэг давуу тал. Нэгэнт л сурах боломжийг нь бүрдүүлсэн болохоор оюутнаас хичээл зүтгэл, сайн суралцах л үлдэх мэдээж. Үүнээс гадна тэтгэлэг авсан оюутнууд Оюу Толгой компанид дадлага хийж болно. Дэлхийд тэргүүлэгч уурхайд очиж, онолын мэдлэгээ бататгана гэдэг том боломж. ШУТИС-д уул уурхайн ашиглалтын технологич мэргэжлээр суралцаж байгаа оюутан Д.Баасандорж өнгөрсөн зун Оюу Толгой уурхайн Баяжуулах үйлдвэрт дадлага хийжээ. Тэрээр “Уурхайн хүмүүс өөрсдийн мэддэг зүйлээ сэтгэл харамгүй зааж, зөвлөдөг. Уурхай дээр аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангадаг. Дадлага хийж байгаа оюутнаар мэргэжлийн бус ямар нэг зүйл хийлгэхгүй. Бүх ажил дүрэм журмын дагуу явагдана. Дэлхийн хэмжээний компаниас таниж, мэдсэн зүйл их” хэмээн ярьж байсан юм.

Ийм олон боломж, давуу тал олгодог учраас дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт оролцох хүсэлтэй оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж, өрсөлдөөн ихтэй болж. Үүнийг 2012-2013 оны тэтгэлэгт хөтөлбөрт 270 гаруй оюутан өрсөлдөж байсан бол энэ жил 400 гаруй болж өссөнөөс харж болохоор. Бас хараахан хамрагдаж чадаагүй оюутан дахин өрсөлдөх, бүтэн жил бэлтгэх боломжтой. Өнгөрсөн жил тэтгэлэг авсан оюутан Б.Анхзаяа “Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсандаа маш их баяртай байна. Санхүүгийн асуудалдаа санаа зовохгүй, зөвхөн сурч боловсрохдоо анхаарлаа хандуулах боломж олгож байгаа. Надад хүлээлгэсэн итгэл найдварыг биелүүлж, улс орон өөрийнхөө ирээдүйн төлөө ажиллах чадварлаг мэргэжилтэн болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан юм. Тэгвэл 2013-2014 оны дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан ШУТИС-ийн УУАС-ийн 2-р курсын оюутан Ж.Отгонбаатар “Тэтгэлэг аваад их баярласан. Ээж маань сонсоод баярлаад уйлж байсан. Би Булган аймгийнх. Оюутны байрны төлбөрөөс эхлээд сар бүр хэрэглээний мөнгө өгч, сургалтын төлбөр бүрэн төлдөг. Миний хувьд цаашид амжилттай сайн сурах л үлдлээ” хэмээн ярьж байлаа. Мөн ШУТИС-ийн БИАС-ийн 3-р курсын оюутан Б.Гантулга “Анх удаа тэтгэлэг авч байна. Миний хувьд Дарханаас ирж суралцаж байгаа болохоор олон боломж олгож байна. Энэ тэтгэлэг мөнгөн тусламжаас гадна хувь хүний хөгжлийн олон ажил явуулдаг. Би одоо хичээлдээ илүү их анхаардаг болсон” гэж сэтгэгдлээ хуваалцаж байсан юм.

Дотоодын тэтгэлэгт хамрагдаж, дадлагажигч оюутнаар ажиллаж, шинэ төгсөгчдийн хөтөлбөрөөр суралцаж төгсөөд Оюу Толгой компанийн ажилтан болсон амжилтын эзэн бол Оюу Толгой ХХК-ийн Баяжуулах хэлтсийн Технологийн удирдлагын инженер О.Цэрэнбат юм. Түүний хувьд 2011 онд ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийг баяжуулагч инженерээр төгссөн бөгөөд суралцах хугацаандаа олон хөтөлбөрт дараалан хамрагджээ. Тэрээр оюутнуудад хандан “Хичээлдээ сайн анхаарч хангалттай голч дүнтэй суралцах ёстой. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж, өөрийгөө сорьж болох бүх боломжийг хайж, эрэлхийлэх чин хүсэлтэй байгаарай. Мөн англи хэл болон бусад анкет, тодорхойлолт бичих талаар мэдлэгтэй байх хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм.

“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” гэсэн их зохиолчийн үг бий. Тэгвэл Оюу Толгой компани олон оюутанд харийн нутгаас эрдэм өвөрлөн ирэх боломж олгож, гадаадын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд 15 оюутан хамрагдаж, энэ жил гэхэд таван оюутан тэтгэлэг авахаар болжээ. Эдгээр оюутнууд Юта, Куртин, Бритиш Колумбын их сургууль гэх мэт уул уурхайн нэр хүндтэй сургуулиудад суралцаж байгаа юм. Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт улс орны өнөөгийн хөгжилд нэн шаардлагатай уул уурхай, цахилгаан, барилга, металлургийн инженер, механик инженер, геологи, геологийн судалгаа зэрэг мэргэжлээр суралцаж байгаа болон төгсөөд удаагүй байгаа хүмүүсийг хамруулдаг.

Гадаадын тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын дунд өмнө нь Оюу Толгойн дотоодын тэтгэлгээр суралцаж байсан хүмүүс ч цөөнгүй бий. Энэ бол сайн суралцахын зэрэгцээ зорилготой байж, амжилтаа ахиулж байгаа хэрэг. Тэдний нэг Д.Дөлгөөн өнгөрсөн жил гадаадын тэтгэлэгт хамрагдаж, байгаль орчны чиглэлээр суралцаж байгаа бөгөөд өмнө нь 4-р курсад сурч байхдаа Оюу Толгойн дотоодын тэтгэлэгт хамрагдаж байсан аж.

Хүмүүс гадаадад хувиараа суралцахад зардал өндөр, хичээлийнхээ хажуугаар ажил хийх шаардлага гарч, үүнээс болж хичээлээ цалгардуулах гээд бэрхшээл олон бий. Хэдийгээр энд тэндээс зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг ч цөөхөн тоотой, бас боломж, нөхцөлийн хувьд тийм ч таатай биш. Ялангуяа бакалаврын зэрэгт тэтгэлгээр сурах боломж тун цөөхөн. Тэгвэл Оюу Толгой компанийн гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөр нь олон давуу талтай. Энэ талаар Оюу Толгой ХХК-ийн Сургалтын ахлах ажилтан Л.Удвал “Тухайн сургуульд суралцах сургалтын төлбөр, оюутны байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал, визний хураамж, онгоцны зардлыг төлнө. Дээр нь сар бүр мөнгөн тэтгэлэг өгнө. Үүний зэрэгцээ сургалтын хэрэглэгдэхүүний мөнгө гэж өгдөг” хэмээн танилцуулж байсан юм. Эндээс харахад тэтгэлэг авсан оюутнуудын хувьд санаа зовох зүйлгүй зөвхөн сурах л үүрэгтэй аж.

Гэхдээ өрсөлдөж байгаа оюутнуудын хувьд англи хэлний өндөр мэдлэгтэй байх ёстой. Учир нь бүх хичээл англи хэл дээр явагдана. Тиймээс наад зах нь суралцах их сургуулийнхаа англи хэлний мэдлэгийн шалгуурыг хангахуйц TOEFL болон IELTS шалгалтын дүнтэй байх шаардлагатай байдаг. Америкийн Ютагийн их сургуульд суралцаж байгаа Г.Түвшинбат Эрдэнэтийн Технологийн сургуульд суралцаж байхдаа гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөж, намтраа бичих, ярилцлагад орох гээд бүх шалгуураа амжилттай давсан ч харамсалтай нь TOEFL-ийн шалгалтад ганцхан оноо дутсан аж. Гэвч тэрээр шантарсангүй. Хэлний мэдлэгээ богинохон хугацаанд сайжруулж, хэдхэн сарын дараа сургуульдаа оржээ. Одоо металлургийн инженерийн мэргэжил эзэмшихээр сурч байна. Ийм амжилтын жишээ олныг өгүүлж болно.

Бас тухайн сургуулийнхаа англи хэлний шалгалтыг найман удаа өгөөд тэнцсэн оюутан ч бий. Оюу Толгой ХХК-ийн Сургалтын ахлах ажилтан Л.Удвал “Компанийн гадаадын тэтгэлгээр 2010-2015 онд нийт 30 оюутан суралцуулна. Гэхдээ бид тодорхой төлөвлөгөө амлахгүй. Тоог биш чанарыг илүү чухалчилна. Сурахаар өргөдөл гаргаж байгаа хүмүүсийн бэлтгэл болон хариуцлага, англи хэлний мэдлэгийн түвшин, ажлын туршлага их чухал байдаг” хэмээн ярьж байсан. Иймээс Оюу Толгой компанийн гадаадын тэтгэлгээр бакалавр, магистрын зэргээр суралцах боломж олон хүнд цаашдаа ч нээлттэй байх нь. Оюу Толгой компанийн хувьд тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудыг сургуулиа төгсөөд Монголдоо ирж ажиллах хүмүүсийг сургаж, дэмждэг аж.

'Үл тасрах өгөөж' нэртэй цуврал гурван нийтлэлээр Оюу Толгой компанийн Монголын боловсролд оруулсан томоохон хөрөнгө оруулалтын хүрээнд хийж байгаа Мэргэжилтэй ажилтан бэлтгэх шинэ сургууль, оюутны байр барих зэрэг бүтээн байгуулалтууд, тоног төхөөөрөмжийн хандив, мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн багш нарын сургалт, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр зэрэг томоохон ажлын үр дүн, амжилтын талаар өгүүллээ.

Оюу Толгой компанийн эдийн засаг, нийгмийн олон талын үр өгөөж цаашид ч үргэлжлэн үл тасрах биз ээ.