Хэвлэлийн мэдээ: Хотын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрээ үнэлүүлэв

– Оюу Толгой ХХК-ийн санхүүжилт, дэмжлэгээр орчин үеийн шийдэлтэй гудамж тохижуулжээ –

Монгол улс, Улаанбаатар хот – Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас Оюу Толгой ХХК-д талархлаа илэрхийлэв. Оюу Толгой компани нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хувийн хөрөнгө оруулалтаар тохижуулж, нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул ийнхүү талархсан байна.

Оюу Толгой ХХК-ийн санхүүжилт, дэмжлэгээр Боловсролын их сургуулийн уулзвараас Спортын төв ордны баруун хойд уулзвар хүртэлх 3,000 ам дөрвөлжин талбайтай оюутны гудамжийг 400 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар иж бүрэн тохижуулсан байна. Энэхүү гудамжийг орчин үеийн технологи, зураг төслөөр тохижуулсан бөгөөд ЛЭД гэрэлтүүлэг, явган хүний зам, амарч тухлах сандал, хогийн сав, үнэ төлбөргүй утасгүй интернэтийн сүлжээ суурилуулсан аж.

Оюу Толгой компани өнгөрсөн 4 дүгээр сард нийслэл хотод нэн шаардлагатай нийгмийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хувийн хэвшил болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх “Хөгжлийн төлөөх түншлэл” санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ гэрээний дагуу Оюу Толгой компанид нийслэлийн бага тойруу орчмын гудамжийг хувийн хэвшлийн оролцоотой шинэчлэх, тохижуулах саналыг Улаанбаатар хотын захиргаа тавьсныг талархалтай хүлээн авч энэхүү бүтээн байгуулалтыг санхүүжүүлжээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.