Хэвлэлийн мэдээ: Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

– Оюу Толгойн дэмжлэг, санхүүжилтаар 5 томоохон ажил хийгдэнэ –

Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Айвен Вэлла, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нэхийт, Засаг дарга Т.Буян-Өлзий нар Оюу Толгой компани, Ханбогд сум хоорондын Хамтын ажиллагааны гэрээнд есдүгээр сарын 26-нд гарын үсэг зурав. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзий “Энэ бол бидний анхны гэрээ. Үүнээс цааш олон хөрөнгө оруулалт, олон асуудлыг шийдэх байх гэж бодож байна” гэж энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

Энэхүү гэрээний дагуу Ханбогд сумын төвийн 5 км замыг хатуу хучилттай болгох, хүүхдийн тоглоомын талбай байгуулах, хог хаягдлын урт хугацааны менежментийг эхлүүлэх зэрэг таван томоохон ажлыг Оюу Толгойн дэмжлэг, санхүүжилтээр хийх юм.

Оюу Толгой ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Айвен Велла хэлэхдээ “Бид Өмнөговь аймаг түүний дотор Ханбогд сумтай олон жил идэвхтэй, үр бүтээлтэй хамтран ажиллах үндэс суурийг энэхүү гэрээгээр тавьж байна. Өнөөдөр бидний гарын үсэг зурсан баримт бичиг нь урт хугацааны хамтын ажиллагааны гэрээний салшгүй хэсэг болох юм. Бид Өмнөговь аймаг түүний дотор Ханбогд сумын тогтвортой, урт хугацааны хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна” гэв.

Өмнөговьчуудын хувьд олон үйл давхцсан сайхан өдөр боллоо. Мөн өчигдөр Ганжуур Данжуураа Оюу Толгой ХХК-ийн дэмжлэгтэйгээр залан, нийтийн хүртээл болгож сүсэгтэн олноо баясгаж байна.

Оюу Толгой компани уурхайгаас Ханбогд сум хүртэлх 35 кВт-ын цахилгаан дамжуулах 45 километр урт шугамыг дэд бүтцийн хамт барьж, туршилт, тохиргооны ажлыг хийж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Уг шугамаас туршилтын журмаар Ханбогдын иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Цаашдаа энэ шугамыг Өмнийн бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ХК буюу говийн бүсэд цахилгаан түгээх төрийн өмчит компанид шилжүүлэн өгөх юм. Өмнийн бүсийн цахилгаан түгээх сүлжээ компани тогтмол ажиллагаа нь бэлэн болж шугамыг хүлээж авах, залгах нөхцөл бүрэлдмэгц шугамыг хэвийн нөхцөл рүү шилжүүлэхэд Оюу Толгой компани бэлэн байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.