– Ганжуур, Данжуурыг залах ёслолын арга хэмжээг Оюу Толгой ХХК ивээн тэтгэлээ –
Монгол улс, Өмнөговь аймаг – Ганжуур, Данжуур хөлгөн судрыг Өмнөговь аймгийн төв номын сан, Маанийн хийдэд гардуулах залах ёслол өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээг Оюу Толгой компани ивээн тэтгэж, зохион байгуулж байгаа юм. Монгол түмний бахархал болж, ЮНЕСКО дэлхийн биет бус соёлын өвөөр бүртгэсэн, дорно дахины шинжлэх ухааны өв санг багтаасан их нэвтэрхий толь болох Ганжуур, Данжуурыг залан авчирч байгаа нь өмнийн говийн хүн ард, ирээдүй хойч үеийнхэнд оруулж байгаа оюуны томоохон хөрөнгө оруулалт юм. Ёслолын үеэр “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэр “Нүүдэлчин ард түмэн оюуны бүтээл дээр ч сонголт хийдэг байжээ. Энэ нь Ганжуур, Данжуур дээр илэрч байна. Ийм олон цуврал хөлгөн судар бүтээж чадсан нь төгс төгөлдөр ард түмэн гэдгээ харуулж байгаа хэрэг” хэмээн хэллээ.
Оюу Толгой компани уул уурхайн үйлдвэрлэлээ явуулахын зэрэгцээ орон нутагт томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Үүний нэг бол соёлын өвийг, хамгаалах хөтөлбөрөөр соёлын биет бус өв, археологи, палеонтологийн дурсгалыг хадгалан хамгаалах төлөвлөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна.
Соёлын биет бус өвөөр уртын дуу, ардын тоглоом наадам, үндэсний спортыг хамгаалан сэргээх, залуу үед өвлүүлэн сургах, дэмжих зэрэг олон ажлууд хийж байгаа юм. Үүний зэрэгцээ байгалийн болон хүний гараар бүтсэн бүс нутгийн соёлын өв бүхий газар нутгуудыг бүртгэлжүүлэх, хамгаалах, эртний дурсгалт сүм хийдийг сэргээх зэрэг олон ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж байна.
Ганжуур, Данжуурыг үр хойчдоо сургаал номлолыг үнэн бодитоор танин мэдүүлж өвлүүлэх, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах, эх түүхээрээ бахархах, залуу хойч үед байгаль орчноо хамгаалах үзэл бодлыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн Оюу Толгой компани залах, ёслолын арга хэмжээг зохион байгуулж байна.
Ганжуур, Данжуур хөлгөн судрыг залах ёслол Өмнөговь аймгийн Ханбогд сумын Улаан сахиусны Бадамдэмчогнайн хийд, Ханбогд сумын номын санд өнөөдөр болно.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.