Амжилтын түүх: Оюу Толгойн ‘Жак’

– Мэргэжлээрээ 33 жил ажиллаж байгаа мастер кранчин –

Монголын түүхэнд урьд дуулдаагүй их бүтээн байгуулалт өрнөсөөр. Дэлхийд тэргүүлэгч Оюу Толгойн уурхайг олон арван мянган Монголчууд барьж, байгуулж байна. Тэд түүхийн гэрч болж, өнөөдөр цоо шинэхэн түүх бүтээж явна. Ийм хүмүүсийн нэгтэй уншигч таныг уулзуулья. Түүнийг Д.Жавхлант гэдэг. Оюу Толгойн уурхайд кранчин. Тэрээр 1980 онд тухайн үеийн Барилгын яамны дэргэдэх байнгын курс төгсч ийм мэргэжил эзэмшсэн аж. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 33 жил мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж, хамгийн өндөр буюу 6-р зэргийн мастер кранчин болжээ. Д.Жавхлант Оюу Толгой уурхайд 2004 оноос хойш ажиллаж, тэндхийн гол гол байгууламжуудыг барилцсан хүний нэг. Эзгүй талд сүндэрлэн боссон Босоо ам-1, 2, баяжуулах үйлдвэр гээд түүний гар бие оролцсон томоохон бүтээн байгуулалтыг тоочвол олон. Оюу Толгойд анхлан ирсэн 290 тонны даацтай 'Комацү 930Е-4SЕ' өөрөө буулгагчийг угсралцсан байна. Хүнд даацын машиныг хэсэг хэсгээр нь авчирч, уурхайд угсардаг нарийн чимхлүүр ажлыг тэр эхнээс нь дуустал хийжээ.

Д.Жавхлант гуай 2001-2003 онд гадаадын хөрөнгө оруулалттай алтны томоохон уурхайд ажиллаж байхдаа гадаад мэргэжилтнээс их зүйл сурчээ. Тэнд байхдаа Япон улсад үйлдвэрлэсэн 100 тонны даацтай кран дээр ажиллаж үзжээ. Хойд хөршийн машинтай харьцуулахад харьцангуй дэвшилттэй ч санагдаж байж. Тэнд сурснаа бусадтайгаа хуваалцаж, олон шавьтай болсон гэнэ. Дараа нь Оюу Толгойд ажиллаад 12 хүнийг дагалдуулан сургажээ. Одоо кран ажиллуулж байгаа залуучууд бүгдээрээ түүний гарын шавь нар нь. Тэрээр “Би залуучуудыг хажуудаа суулгаад, энэ кран ийм үзүүлэлттэй, ингэж ажилладаг юм гээд нэг бүрчлэн заана шүү дээ. Тэд маань ч их хурдан сурч байгаа, техник сэтгэлгээ ч сайтай болж” хэмээн шавь нараа магтаж байв.

Уурхайд олон төрлийн гинжит, дугуйт, авто кранууд бий. Монголд хоёрхон байдаг зөөгч кранаас эхлээд Германы 'Лебхайр' компанийн хамгийн сүүлийн үеийн 250-300 тонны даацтай кранууд ч бий. Түүний хувьд бүгдийг нь жолоодож чаддаг гэнэ. Өөр шинэ загварын техникүүд ирсэн ч ажиллагаа бүрийг нь нарийвчлан танилцуулсан сургалтын гарын авлага дагалдана. Түүнийг нь уншаад нь ажиллуулдаг байж. Тэрээр “Одоогийн кран тун ч боловсронгуй болжээ. Эвдрэл гэмтэл бараг гарахгүй. Засвар үйлчилгээ хийх хугацаагаа өөрөө заачихна. Гар утас яаж хөгждөг билээ, түүнтэй л адил. Алсын удирдлагатай, бүрэн автомат. Салхины хурд 14 метр/сек хүрэхэд л өргөх боломжгүй гэсэн дохио өгнө. Даац хэтэрвэл мөн л дохино. Орос кран бол даахгүй ч гэсэн өргөж байгаад л өөрөө унана шүү дээ” хэмээн ярьсан юм. Түүний хувьд мэргэжлээ гарын арван хуруу шигээ мэднэ. Анх төгсөхдөө 3-р зэрэгтэй байсан ч 3-4 жил тутам шалгалт өгч ахиулсаар хамгийн өндөр зэрэгтэй мастер кранчин болжээ. Энэ зэргийг авахын тулд сургалтад сууж Улсын мэргэжлийн комиссоор онол, дадлагаа нарийн шалгуулдаг байна. Хүний амь настай холбоотой мэргэжил учраас арга ч үгүй биз.

Уурхайнхан бүгдээрээ түүнийг Жак гэж дууддаг. Д.Жавхлант “Залуучууд надаас дүү хүмүүсийг ах гэдэг атлаа намайг бол Жак л гэж дуудна. Би ч залуу сэтгэлгээтэй, залуучуудтай үе тэнгийн юм шиг харьцаад, инээж наргиад сурчихсан. Бас 60 гарсан ч хөнгөн шингэн хөдөлгөөнтэй болохоор тэгдэг ч байж магадгүй. Хоёр давхар байшингийн өндөртэй кран дээрээ үсрээд л гарна шүү дээ” хэмээн инээж байна лээ.

“Жакаар өргүүлье, Жакаар өргүүлэхэд айх зүйлгүй” гэсэн яриа уурхайд тасрахгүй. Кранчны ажил алдах эрхгүй хариуцлагатай. Өглөө бүр аюулгүйн зааварчилгаа авна. Энд аюулгүй ажиллагаа хамгаас чухал. “Ачаа өргөхдөө ямар байдлаар яаж өргөх вэ, хэдэн метр зайнаас ямар хэмжээтэй тороос хэрэглэх вэ гэдгээ зөвлөж, нарийн тооцоолно. Үүний дараа өргөж болох уу гэж асуудаг. Түүнээс биш юу ч гэсэн өргөөд үзье гэсэн ойлголт хэзээ ч байж болохгүй. Аюулгүй орчин дээд зэргээр бүрдсэн үед л өргөдөг” гэж ярьж байсан. Өргөх үйл ажиллагаагаа секунд байтугай долиар ч тооцдог гэнэ. Агаарт өргөсөн 250 тонн ачаа газарт унавал ямар аюултай осол болохыг төсөөлөхөд ч бэрх учраас энэ ажил үнэхээр л хариуцлагатай.

Гадаадын мэргэжилтнүүдтэй 2001 оноос хойш харилцаж, англи хэлэндээ ч боломжийн сайн болж. Одоо орчуулагчгүй харилцдаг гэнэ. Түүний ажил өглөөнөөс өдрийн турш ачаа өргөх, зөөх, тоног төхөөрөмж угсрах гээд үргэлжилнэ. Тэрээр Төв аймгийн Бүрэн сумын хүн. Гэхдээ говийн цаг агаарт дасч, зуны ямар ч халуун мэдэгдэхээ бараг л больсон гэнэ.

“Оюу Толгой хүмүүсийн амьдралд маш том өөрчлөлт гаргаж байгаа, эх орондоо ажиллаж, хангалуун сайхан амьдрах боломж гарлаа. Манай уурхай хүний ажиллах орчныг дээд зэргээр бүрдүүлсэн” хэмээн сэтгэл хангалуун өгүүлж байна.

Эгэл атлаа энгүй түүхтэй ийм л хүмүүс их бүтээн байгуулалтыг түүчээлж, ачааны хүндийг хамтдаа үүрч явна.

Ч.Батпүрэв