Хэвлэлийн мэдээ: Австралийн мэргэжлийн боловсролын арга барилаас Монголдоо суралцлаа

– Багш нарыг сургах хөтөлбөр 2 дахь төгсөлтөө хийлээ –

Монгол улс, Улаанбаатар хот – Техник мэргэжлийн боловсролын байгууллагуудын 93 багш, удирдлагуудад мэргэшүүлэх сургалтын гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотноо боллоо. Оюу Толгой компанийн Монголын мэргэжлийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хийж буй хоёр дахь төгсгөлт нь энэ юм.

Аймаг, хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийнхөн дэлхийд үнэлэгдсэн Австралийн мэргэжлийн боловсролын сургалтын тогтолцооны арга барилаас суралцаж төгсчээ. Уг сургалтыг Оюу Толгой компани Австралийн мэргэжлийн ИТАС групптэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Монголын мэргэжлийн боловсролыг дэмжиж 2011-2014 онд Оюу Толгой ХХК 168 тэрбум төгрөг буюу 126 сая ам.долларын санхүүжилт хийж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөртөө 1,200 багш хамруулах юм.

Төгсөж буй багш, захирлуудад хандан Хөдөлмөрийн яамны дэд сайд Ж.Батхуяг “Оюу Толгой компани болон сургалт явуулсан байгууллагын үйл ажиллагаанд Хөдөлмөрийн яамныхан сэтгэл хангалуун байна. Бид Австралийн ИТАС групптэй хамтран шинэ үеийнхэндээ ирээдүйгээ бүтээхэд нь туслах багш нарт Монголдоо олон улсын шилдэг туршлага эзэмшүүлж байна. Монголын мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр хичээн ажиллаж байгаа багш, захирлууддаа сайн сайхныг хүсье” гэж хэллээ.

Сургалтын онцлогийн талаар Австралийн мэргэжлийн ИТАС группын захирал Роб Грэхэм “Монгол улсад уул уурхай эрчимтэй хөгжихийн хэрээр мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ шаардлага ч өсөн нэмэгдсэн. Монголд мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж буйг бид мэднэ. Гэвч бид бүхэн хичээж зүтгэвэл тун удалгүй Монголчууд дэлхийд шагшигдах суралт, мэргэжилтэй хүмүүс болж чадна. Үүний нийгэм, эдийн засгийн нөлөөлөл нь та бүхэн, та нарын гэр бүлд асар их байх болно” гэлээ.

Төгсөгч багш нарын нэг Улаанбаатар хотын Политехникийн коллежийн багш Т.Дэлхийцэцэг “Монголын мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, олон улсын мэргэжлийн боловсролын дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, багшлах боловсон хүчнийг олон улсын түвшинд хүргэх сургалт зохион байгуулсан Оюу Толгой компанид баярлаж байна. Чадварлаг мэргэжилтэн багш нар өөрсдийн мэдлэг, туршлага, арга барилаа харамгүй хуваалцан зааж өгсөнд багш нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Аймаг, хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, сургалтын албаныхан удахгүй Австрали улсад очиж, мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаатай нь танилцаж, туршлага судлах юм.

Дашрамд өгүүлэхэд, Монголын мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн санхүүжилтын хүрээнд Оюу Толгой компани техник технологийн 3 жишиг сургууль шинээр барьж, 4 төвийг иж бүрэн сайжруулна. Үүний зэрэгцээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн багш нарыг сургах, Оюу Толгой компани өөрийн болон үндэсний хэмжээний мэргэжилтэй ажилтан, уурхайн инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх, гадаад, дотоодын тэтгэлэг зэрэг олон хөтөлбөр багтаж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.