– Шаардлага хүргүүлсэн УИХ-ын гишүүдийн мэдэгдэл нь Хөрөнгө оруулалтын гэрээний бодит байдлаас зөрж байна –
Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа билээ. Шаардлага хүргүүлсэн гишүүдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өгсөн мэдэгдэл нь Хөрөнгө оруулалтын гэрээний бодит байдлаас зөрж байгаа учраас Оюу Толгой ХХК-ийн зүгээс бодит мэдээллийг өгч байна.
Оюу Толгой ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Засгийн газарт шаардлага хүргүүлсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдэгдэл нь ор үндэсгүй юм. Манай компанийн цахим хуудаснаас дурын хүн Хөрөнгө оруулалтын гэрээтэй шууд танилцах боломжтой. Ингэснээр дэлхийн аль улс оронд байхгүй хамгийн дэвшилтэт хамтын гэрээ гэдгийг мэдэх бололцоотой болно. Олон Улсын Валютын сангийн тооцоолсноор ашигт малтмал ашигласны төлбөр, ногдол ашиг, бусад хураамж болон бүх төрлийн татвараар дамжуулан нийт ашгийн 71 хүртэлх хувийг Монгол улсын Засгийн газар хүртэнэ. Өөрөөр хэлбэл, Оюу Толгойгоос олох 100 төгрөг тутмын 71 хүртэлх төгрөгийг Монголын ард түмэн шууд хүртэнэ гэсэн үг юм” гэлээ.
Монгол улс Оюу Толгой төслөөс ганц ч төгрөгийн орлого олохгүй гэжээ. Угтаа Оюу Толгойн уурхайн үйлдвэрлэл эхлэхээс өмнө Монгол улс татвар, урьдчилгаа төлбөр хэлбэрээр 900 тэрбум төгрөгийг улсын төсөвт бүрдүүлж байгаа бөгөөд төслийн хугацаанд хөрөнгө оруулагчдаас ч илүү ашиг хүртэхээр байгаа юм. Хөрөнгө оруулагчид дөнгөж анхны ашгаа олж эхлэх үед Монгол улс даруй 10 их наяд гаруй төгрөгийн орлого бүрдүүлсэн байх юм.
Оюу Толгой ХХК санхүүгийн тайлан гаргадаггүй учир Монгол улсын Засгийн газар Оюу Толгойн талаар ямар ч мэдээлэлгүй байдаг гэжээ. Бодит байдал дээр Оюу Толгой ХХК улирал бүр санхүүгийн тайлан гаргаж Монгол улсын Засгийн газар болон Оюу Толгой ХХК-ийн ТУЗ, хөрөнгө оруулагч нарт (Туркойз Хилл Ресурс, Рио Тинто болон Монгол улсын Засгийн газрыг төлөөлж буй Эрдэнэс Оюу Толгой ХХК) хүргүүлдэг юм. Засгийн газар тайлантай танилцаж, үнэн бодит байдлыг албан ёсоор батлан хүлээн авдаг билээ.
Хөрөнгө оруулалтын гэрээнд хөрөнгө оруулагч тал дангаараа дур мэдэн нэмэлт өөрчлөлт хийж болох боловч Монгол улсын Засгийн газар нь зөвхөн саналаа хэлэх эрхтэй хэмээжээ. Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь хүчин төгөлдөр хууль, эрхзүйн баримт бичиг юм. Уг гэрээнд оролцогч бүх тал харилцан тохиролцсон тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн боломжтой.
Оюу Толгой усыг үнэ төлбөргүй ашиглаж байгаа тухай дурьдсан байна. Оюу Толгой ХХК бусад аж ахуйн нэгж байгууллагын адилаар ус ашигласны төлбөрийг холбогдох хууль, тогтоомжид заасан хувь хэмжээгээр төлж барагдуулдаг. Энэ тухай маш тодорхой заалт Хөрөнгө оруулалтын гэрээнд бий.
Оюу Толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний бодит байдалд үл нийцэх мэдэгдэл гарч байгаа нь нийгэмд эргэлзээ төрүүлж байна. Тиймээс эрхэм уншигч, Монгол түмнийг http://www.ot.mn/mn/about-us/investment-agreement цахим хуудаснаас Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй танилцаж бодитой, зөв мэдээлэл авахыг уриалж байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.