Хэвлэлийн мэдээ: Өмнөговь аймгийн хөгжлийг урт хугацаанд дэмжинэ

– Монголд анх удаа төр, хувийн хэвшил хөгжлийн гэрээ байгууллаа –

Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК нь Өмнөговь аймгийн ард иргэд, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад анхаарч ирсэн. Үүний хүрээнд Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумтай Хамтын ажиллагааны урт хугацааны гэрээ байгуулахаар ажиллаж байгаа юм.

Энэхүү гэрээний Харилцан ойлголцлын санамж бичигт өнгөрсөн оны 4 дүгээрт сард анх гарын үсэг зурсан билээ. Тэгвэл энэ сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба, Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей нар хэлэлцээг урагш ахиулсан 'Үйл явцын гэрээ'-нд гарын үсэг зурлаа.

Ингэснээр урт хугацаанд хэрэгжих Хамтын ажиллагааны гэрээг байгуулах зарчмуудыг тохирч, талууд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээх, уламжлалт мал аж ахуйг дэмжих, говийн ус, бэлчээрийн оновчтой менежмент нэвтрүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, мэдээлэл, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдсэн юм. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын дараа Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа “Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин шинэ шатанд гарч, Өмнөговьчуудын сайн сайхан амьдрал, хөгжил цэцэглэлтийн төлөө илүү ойр дотно ажиллах боломж бүрдэж байна” хэмээн онцоллоо. Харин Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба “Хөгжлийн томоохон алхам болж байна. Бидний хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй, шуурхай, хурдан, харилцан ашигтай явна хэмээн бодож байна” гэлээ.

Мөн Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Гарын үсэг зурсанаар бидний цаашдын хамтын ажиллагааг илүү хурдавчлах, илүү үр бүтээлч болгох алхам тавилаа” гэж хэллээ.

Ёслолд Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажлын хэсгийн ахлагч, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр болон гишүүд, зарим сумдын Засаг дарга нар, Оюу Толгой ХХК-ийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.