МУИС-ийн Хими, хими инженерчлэлийн сургуулийн захирал Проф.Др.Б.Очирхуягтай ярилцлаа.
Нобелийн шагналт эрдэмтнээр энэ удаа хэн уригдаж оролцож байгаа вэ. Ямар сэдвээр илтгэл тавих вэ?
МУИС-иас зохион байгуулж буй Нобелийн шагналтны цуврал лекцийн 4 дэх зочноор химийн салбарын 1986 оны Нобелийн шагналтан Проф. Юан Зө Ли мэргэжлийн болон олон нийтэд зориулсан лекц уншихаар ирж байна. Мэргэжлийн лекц нь тус эрдэмтний Нобелийн шагнал хүртсэн ‘Химийн урвал болон фотохимийн урвалын динамик’ гэсэн сэдвээр, харин олон нийтэд зориулсан лекц нь ‘Хүний нийгмийн тогтвортой байдал’ гэсэн сэдвээр тус тус тавигдах юм.
Лекцийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?
Профессор Ли физик химийн чиглэлээр судалгааны ажил хийдэг. Нобелийн шагнал хүртсэн буюу мэргэжлийн лекц нь молекулын солбицсон цацрагийг ашиглан харьцангуй том молекулын химийн урвалын төрх байдал, механизмыг судалж химийн урвалын кинетик, фотохимийн процессын тухай өгүүлэх юм.
Мэргэжлийн хүмүүст энэ лекц ямар үр өгөөжтэй байдаг вэ?
Нобелийн шагналыг хүн төрөлхтний мэдлэгийн салбарт асар их хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтдэд өгдөг. Тиймээс Нобелийн шагналтны лекцийг биечлэн сонсоно гэдэг тухайн мэргэжлийн багц мэдлэг, арвин туршлагыг богино хугацаанд мэдэх боломжтой. Түүнээс гадна тухайн салбарын хамгийн сүүлийн үеийн ололт, ахицын талын мэдээлэл олж авна.
Арга хэмжээг хаанаас ивээн тэтгэж, зохион байгуулж байгаа вэ?
МУИС-иас гаргасан энэхүү санаачилгыг Монголын улсын Боловсрол шинжлэх ухааны яам сайшаан дэмжиж ажиллаж байна. Мөн Рио Тинто компани манай сургуультай хамтран Монголын ирээдүй, авьяаслаг залууст Нобелийн шагналтны лекцийг сонсох боломж олгож байгаа. Энэ дашрамд МУИС-ийн нэрийн өмнөөс Нобелийн шагналтны цуврал лекцийг зохион байгуулахад хамтран ажиллаж байгаа Рио Тинто компани болон БШУЯ-нд талархал илэрхийлж байна.
Лекц хэзээ, хаана болох вэ. Сонирхсон хүмүүс очих боломжтой юу?
‘Химийн урвал ба фотохимийн процессийн динамик’ сэдэвт мэргэжлийн лекц МУИС-ийн Эрдэмийн танхимд 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт болно. Олон нийтэд зориулсан ‘Хүний нийгмийн тогтвортой байдал’ сэдэвт лекц Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11:00 цагт болно. Сонирхсон хүмүүсийг урьж байна
Leave a Reply
You must be logged in to post a comment.