Үндэсний шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулж, амжилтыг нь алдаршуулан урамшуулав

Оюу Толгой ХХК үндэсний шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулж, амжилтыг нь алдаршуулан урамшуулдаг уламжлалтай билээ. Тав дахь жилдээ зохион байгуулсан "Эрдэнийн говь-2013" ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрт болж есөн компани шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарч, өргөмжлөл гардсан юм. Оюу Толгой ХХК өнгөрсөн онд дотоодоос 538.1 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авсан нь нийт худалдан авалтын 76 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд үндэсний 949 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан бөгөөд тэд 35 мянган хүнийг ажлын байраар хангаж байна.
Оюу Толгой ХХК ханган нийлүүлэлтийн ил тод, нээлттэй, үр ашигтай байх зарчмыг баримтлан ажилласнаар үндэсний болон Өмнөговийн ханган нийлүүлэгчдийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж, Өмнөговийн бизнесийг хөгжүүлэх амлалт үүргээ ч амжилттай биелүүлж байна. Тухайлбал, Өмнөговийн ханган нийлүүлэгчдээс 2010 онд 0.5 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авч байсан бол 2013 онд энэ тоо 9.1 сая ам.долларт хүрч өссөн бөгөөд 2014 онд 32 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авах зорилт тавин ажиллаж байна. Оюу Толгой ХХК ийнхүү Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах найдвартай, тогтвортой, үр ашигтай үндэсний ханган нийлүүлэлтийн бие даасан, олон улсад өрсөлдөхүйц чадвар бүхий сүлжээг байгуулж чадсан нь бахархан тэмдэглэх амжилт юм.