Оюу Толгой компани болон Залуу удирдагч соёл солилцооны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан 'Залуусын хөгжлийн хөтөлбөр'-т хамрагдан Манлайллын болон Хувь хүний төлөвшлийн чадамж сургалтуудыг амжилттай дүүргэсэн нийслэлийн ерөнхий боловсролын 27 сургуулийн 46 залуу манлайлагч батламжаа гардан авлаа. Оюу Толгой компани Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яамтай 2010 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монголын шилдэг оюутан залуусыг дэмжиж, тэднийг дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш нийт 20 оюутан гадаадын, 135 оюутан дотоодын тэтгэлэгт хамрагдаад байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзэлтэй залуусын тоо ч жилээс жилд нэмэгдэж ирлээ. Тиймээс сурагч оюутнуудыг улам чадавхижуулах зорилгоор ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулан 'Залуусын хөгжлийн хөтөлбөр'-ийг шинээр боловсруулан 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн эхний шат 2013 оны 12-р сард эхэлж 3 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөөд Улаанбаатар хот дахь улсын 20, хотын захын 25, хувийн таван сургуулиас нийт 290 сурагч материалаа ирүүлсэнээс шилдэг тавь орчим сурагчийг шалгаруулан хөтөлбөрийн эхний шатны сургалтуудад хамруулсан билээ. Батламжаа гардан авсан Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн 11-В ангийн сурагч Т.Амартүвшин "Би гэр хорооллын сургуульд сурдаг. Манлайллын хөтөлбөр нь бидэнд өөрийгөө танин мэдэх, өөртөө итгэлтэй болох, бусдыг манлайлах чадваруудад сургаж маш их эрч хүчийг өглөө" хэмээн сэтгэл догдлон өгүүлсэн юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.