Ярилцлага: П.Мягмарсүрэн “Харуул хамгаалалтын ажилтан хүнлэг сэтгэлтэй, эрхзүйн мэдлэгтэй байх ёстой”

“Бамбай” секьюрити сэрвис ХХК-ийн Дэд захирал П.Мягмарсүрэнтэй ярилцлаа. Тус компани аюулгүй ажиллагааны чиглэлээр томоохон ажлууд хийж, амжилт ололт ихтэй байгаа юм.

-Танайх саяхан Оюу Толгой компанийн 2013 оны аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан. Та бүхэн аюулгүй ажиллагааны талаар ямар ажлууд хийж байна вэ?
-Манай компани өөрийн сургалтын төвтэй. Энэ төвдөө Монгол улсын “Гэрээт харуул хамгаалалтын тухай” хуулийн хэрэгжилтээс гадна аюулгүй үйл ажиллагааны сургалт явуулдаг. Оюу Толгой компанийн аюулгүй ажиллагааны сургалт хоёр жилийн өмнөөс нэмэгдсэн. Үүгээр Оюу Толгой компанид мөрдөгдөх дотоод журам, аюулгүй ажиллагааны талаар сургалт явуулж, албан ёсоор шалгалтанд тэнцсэн хүмүүсээ Оюу Толгой компанийн ханган нийлүүлэгч байгууллагын мэдээллийн санд бүртгүүлснй дараа уурхай руу явуулдаг.
-Танай компани хэдэн оноос Оюу Толгойтой хамтран ажиллаж байгаа вэ? Нийт хэдэн хүн ажиллаж байна?
-Оюу Толгой компанитай 2002 оноос хамтран ажиллаж байна. Өнөөдөр уурхай дээр нэг ээлжиндээ 200 гаруй хүн ажиллаж байна.
-Сургалтаа ямар байдлаар явуулдаг вэ? Оюу Толгой компанийн сургагч багш нар сургалт явуулдаг уу?
-Эрх авсан багш нар сургалт явуулдаг. Хэрвээ Оюу Толгой компани сургалтын шинэ зүйл байвал бидэнд өгч бид сургалтандаа нэмж оруулдаг. Манай компанийн хувьд төв дээрхи биш харин ажлын байран дахь сургалтыг гол бодлогоо болгодог. Тиймээс Оюу Толгой уурхайд ажиллаж байгаа манай менежерүүдийн 40 хувь нь сургалтын эрх авсан хүмүүс бий. Эрх авсан менежерүүд ажлын байранд дагаж мөрдөх журмаас эхлээд аюулгүй байдал үүсч болзошгүй байвал хэнд мэдээллэх, хохирлыг хэрхэн арилгах, түүнээс гадна бичлэг хийх, мэдээлдэг системийг хүмүүсдээ зааж байна. Энэ сургалт нэлээд ач холбогдолтой. Бас нэг сар амарсан хүмүүсдээ хоёр хоног давтан сургалтанд хамруулдаг. Нэгдүгээрт, сарын хугацаанд мартсан зүйл байвал сэргээх, хоёрдугаарт, тухайн хүн амарч байхад дүрэм журамд орсон өөрчлөлтүүдийг тайлбарладаг.
-Танайх зөвхөн Оюу Толгой уурхайд ажиллах хүмүүстээ эдгээр сургалтыг явуулах уу?
-Оюу Толгой компанийн аюулгүй ажиллагааны хэлтэстэй хамтраад энэ сард шинээр гурван хүнийг сургагч багшаар бэлтгэх гэж байна. Сургагч багшийн тоогоо нэмж, одоо ажиллаж байгаа нийт гэрээт харуул хамгаалалтын хүмүүстээ Оюу Толгой компанийн хэрэгжүүлж байгаа аюулгүй ажиллагааны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтыг явуулах юм. Үүнд Ховдын Хөшөөтийн уурхай, Булганы Бүрэгхангай, Эрдэнэс Тавантолгой тойрсон манайтай гэрээтэй ажилладаг компаниуд болон Улаанбаатар хотод гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийг хамруулах юм. Оюу Толгойд одоо даган мөрдөж байгаа олон улсын аюулгүй ажиллагааны дүрэм журам нь цаашдаа Монгол улсын хэмжээнд дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны стандартын жишиг болно гэж үздэг учраас ийм арга хэмжээ авч байгаа юм.

-Таны бодлоор Оюу Толгой компанийн аюулгүй ажиллагааны стандартын онцлог, давуу тал нь юу вэ?
-Өнөөдөр зам, барилга гээд олон салбарт аюулгүй ажиллагааны журмыг нь танилцуулаад, хөдөлмөрийн аюулгүй байдлын хуудас дээр гарын үсэг зуруулсан бол тухайн компани үүргээ гүйцэтгэлээ гэж ойлгодог. Тэгвэл Оюу Толгой компани ажлын байр бүрт ажиллах хүмүүсээ урьдчилан сургаад, ажлын байран дээр давтан сургаж байна. Аюулгүй байдлаа хангасан эсэхийг өдөр тутам шалгаж, бүрэн хэрэгжүүлэх үндэслэлийн баталгаа өгсөний дараа ажлаа ингэж хийх ёстой гэж зааварлана. Энэ нь манай аюулгүй ажиллагааг хангах гол бодлого, үндсэн арга гэж ойлгож байгаа. Аюулгүй ажиллагааны сургалт нь бодит байдал дээр эрсдэлийг бууруулах, гаргахгүй байх гол цөм нь гэж бид хардаг. Бас ажилтныхаа ажиллах нөхцөл, аюулгүй ажиллагааг хангасан материаллаг болон ухамсарлан дагаж мөрдөх нийлбэрийн бодит үр дүн байдаг. Хүмүүст өгч байгаа санамжууд нь энгийн, жирийн үгээр тайлбарласан, аюулгүй ажиллагааны дүрмийг яагаад мөрдөх ёстой юм бэ гэдгийг ойлгуулсан байдаг. Бид ч хүмүүсээ ийм байдлаар ойлгуулах, хэрэгжүүлэх, үр дүнг нь тооцохоор ажиллаж байна.
-Танайх аюулгүй ажиллагааны энэ бодлогоо өөр компанид хэрэгжүүлэх, тэдэнд нөлөөлөх боломж байна уу?
-Нөлөөлж байгаа. Учир нь гэрээт харуул хамгаалалтын ажиллагаанд мөрдөгдөж байгаа журам, дүрмүүд нь манай байгууллагаас хэрэгжүүлж байгаа олон улсын стандартууд, Оюу Толгойн аюулгүй ажиллагааны практик дээр тулгуурлан боловсруулагдсан төдийгүй салбар бүрдээ хэрэгжилтийг тооцдог. Бид тухайн гэрээт байгууллагуудын журамтай нийцүүлэн хэрэгжүүлэхдээ баримтлах бодлого адил учраас Оюу Толгойн аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлага манайхаар дамжин гэрээт байгууллагуудад нөлөөлж байгаа. Тиймээс ойрын хугацаанд үр дүн гарах болов уу. Оюу Толгой компани аюулгүй ажиллагааны талаар ийм бодлого баримталдаг гэж ярих биш бодит ажлаараа харуулж байгаа. Манай компани чанарын болон байгаль орчны удирдлагын тогтолцоо, Хөдөлмөр, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны олон улсын хэмжээнд мөрдөх эрх зүйн үндэслэлтэй стандартуудыг нэвтрүүлсэн. Үүнтэй холбоотой байгууллагын хэмжээндээ даган мөрдөх журмууд, тушаал, даалгавруудаа энэ стандартад нийцүүлж, өдөр тутам хэрэгжүүлж байна.
-Та сургалтын төв байгаа гэж ярилаа. Энэ төвөө, хийх гэж байгаа ажлуудаа танилцуулж болох уу?
-Миний олж харснаар гэрээт харуул хамгаалалт нь мэргэжил юм. Тухайн газрыг хамгаалах сэтгэл зүйн бэлтгэлтэй, галт зэвсэг, бусад тоног төхөөрөмж хэрэглэх эрхтэй, бас хүнлэг сэтгэлтэй, эрх зүйн тодорхой мэдлэгтэй ажилтан байх ёстой. Зөвхөн үүдэнд суух биш тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүст гамшиг тохиолдоход гарцыг нь зааж өгөхөөс эхлээд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх, хамгаалалт хийх нөхцөлөө зөв тодорхойлох гээд цогц чадвартай ажилтан бэлтгэх хэрэгцээ бий. Энэ бол манай компанид биш улсын хэмжээнд ажиллаж байгаа гэрээт харуул хамгаалалтын албанд тулгамдсан асуудал. Тиймээс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хоёр жил сурч, шалгалтаа өгч төгсөөд харуул хамгаалалтын албан хаагч хийх эрхтэй болох юм. Мэргэжлийн дадлагаа манай компани, эсвэл адил төрлийн бусад алба дээр хийх боломж бүрдүүлнэ. Ийм байдлаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх хүсэлтээ Хөдөлмөрийн яаманд гаргасан. Дэмжиж байгаа. Бид сургалтын төвдөө нэг жил түр сургалт явуулаад, дараа нь Хөдөлмөрийн яамаар шалгуулж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах чиглэл рүүгээ орно. Одоо төрийн тусгай албадын чиг үүрэг төрийн бус байгууллага, хувийн байгууллагуудад шилжих бодлого хэрэгжих бэлтгэл хангагдаад эхэлсэн. Харуул хамгаалалтын алба уг нь хэн нэгэн ажлын чөлөөт цагаараа хийдэг, тодорхой мэдлэг шаарддаггүй ажил биш. Хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын үнэтэй, нууцлах ёстой бүх зүйлийг хамгаалах, эрсдэл тохиолдвол хамгаалах олон талын мэдлэгтэй, шалгарсан хүн харуул хамгаалалтанд ажиллах шаардлага тавигдаж байна. Энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд байнгын үйл ажиллагаатай сургалтын нэгж хэрэгтэй нь мэдээж. Нөгөө талаас хувь хүн харуул хамгаалалтын ажил хийж, амьдарлаа сайжруулах, байнгын хөдөлмөр эрхлэх, ажлын байраар хангагдах эерэг зүйл ажиглагдаж байгаа.