Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой Өмнөговийнхонд 10 автомашин бэлэглэв

Монгол Улс, Улаанбаатар хот – Оюу Толгой компани Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумын зарим байгууллагад 10 автомашин бэлэглэв. Тухайлбал, Ханбогд сумын нэгдсэн эмнэлэгт гурав, хүүхдийн цэцэрлэгт хоёр, Манлай сумын хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төв, Баян-Овоо сумын нэгдсэн эмнэлэг, дунд сургуульд тус бүр нэг, Даланзадгад сумын өвчин эмгэг судлалын төвд нэг автомашин хандивласан байна. Эдгээр нь цөм 'Тоёота ландкрүйзэр' маркийн машин бөгөөд өмнө нь Оюу Толгойн уурхайд төрөл бүрийн зориулалтаар ашиглаж байсан. Говь нутгийн иргэдэд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тэднийг ийнхүү унаажуулсан байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.