Хэвлэлийн мэдээ: Т.Отгонбаяр ‘Алтан Гадас’ одонгоо гардав

Монгол Улс, Улаанбаатар хот – Монгол улсын Ерөнхийлөгчийн 2014 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 29 дүгээр зарлигаар Оюу Толгой компанийн есөн ажилтан, ажилчид төрийн одон медалиар шагнуулсан билээ. Шагнагсадын нэг нь Оюу Толгой компанийн нөөцийн ерөнхий геологич Тогтохбаярын Отгонбаяр 'Алтан гадас' одонгоор шагнуулсан юм. Оюу Толгой компанийн ТУЗ-ийн дарга, олон улсын харилцааны доктор Галсангийн Батсүх өнөөдөр уг шагналыг гардуулж, баяр хүргэв.

Тэрээр “сүүлийн гурван жилд Оюу Толгойн ил уурхай, баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулан хүдрээ олборлон баяжуулж, бүтээгдэхүүнээ экспортолж байна. Үүний дүнд Монгол улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж байна. Энэ бүхэнд Оюу Толгойд ажилладаг олон мянган хүний нөр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл шингэсэн юм” гэв. Т.Отгонбаяр хэлэхдээ “Оюу Толгойд анхны өрөмдлөг хийх үеэс эхлэн ажилласан миний хөдөлмөрийг төр, засаг өндрөөр үнэлсэнд баяртай байна. Одоо Оюу толгой маань хүдрээ олборлон боловсруулж, дэлхийн зах зээлд баяжмалаа гаргаж байна. Ийм том бүтээн байгуулалтад гар бие оролцох азтай төрснөөрөө бахархаж байна” гэлээ.

Т.Отгонбаяр 2002 оноос Оюу Толгой компанид ажиллаж байгаа юм. Геологи шинжилгээний шинэ арга аргачлал нэвтрүүлэх, төслийн хүрээнд хийсэн өрмийн дээжний чанарын хяналтын ажлыг удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх, Оюу Толгой ордын нөөцийг тогтооход үнэн бодит геологийн мэдээллээр хангахад дорвитой хувь нэмэр оруулсан юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.