Энэ зууны хамгийн том бүтээн байгуулалтыг өмнийн говьд сүндэрлүүлж буй Оюу Толгой компанид дотоод, гадаадын 1,200 гаруй ханган нийлүүлэгч бий. Тэд ариун цэврийн цаас, цай, кофе мэтхэнээс эхлээд дэлхийд цөөхөн тоотой байдаг ‘Комацу 930E’ өөрөө буулгагч, ‘Бикарус’ экскаватор зэрэг аварга том техникийг хүртэл Оюу Толгойд нийлүүлдэг юм. Тэдгээр ханган нийлүүлэгчдийн нэг нь ‘Өгөөмөр Гавилууд’ компани. Гавилууд гэдэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэгэн багийн нэр юм.
Ханбогд нутгийн унаган хүү Мягмарын Хашбаатар энэ компанийг 2010 онд байгуулжээ. Оюу толгойн баяжуулах үйлдвэрийг барьж байгуулахад оролцсон ажилчдыг эднийх л нааш цааш зөөсөн гэх. “Гашуун сухайтын боомтоор лавтайяа 20 гаруй мянган хүн зөөсөн байх” гэж М.Хашбаатар захирал хэлэв. ‘Өгөөмөр Гавилууд’-ынхан Оюу Толгой компаниас зарласан баяжуулах үйлдвэрийн даралтат усан цэвэрлэгээний тендерт шалгарч, 2012 оны сүүлчээс энэхүү чухал үүргийг нэр төртэй гүйцэтгэж буй юм. Тендерийн дагуу гурван жилийн гэрээ байгуулжээ. Баяжуулах үйлдвэрийн сав, хоолойны гадуур асгарсан хүдрийн болон баяжмалын хаягдал бохир чамгүй их байдаг аж. Түүнийг нэн даруй цэвэрлэх хүндхэн үүрэг тэднийхэнд ногддог. Ерөнхийдөө баяжуулах үйлдвэрийн гадна, доторхи бүхий л цэвэрлэгээг тэднийх хариуцдаг. Ажил ч чамгүй хүнд. Жишээ нь, хүдрийн хоолой задарлаа гэхэд хоёр метр зузаан шавар овоорчихно. Түүнийг хүрз, малтуур зэрэг жирийн багаж хэрэгслээр арилгах ямар ч боломж байхгүй. Зөвхөн өндөр даралтат усаар л богино хугацаанд цэвэрлэнэ. Бас анхдагч бутлуур, баяжуулах үйлдвэр, ил уурхайгаас хүдэр авч дээжлэх, үйлдвэрийн хог хаягдлыг тусгай зууханд шатаах ажлыг эднийх хийдэг аж.
Эдний компани 40 гаруй хүнтэй, баяжуулах үйлдвэрийн цэвэрлэгээг 20-иод хүн гүйцэтгэдэг. Тэд гурван ээлжээр ажиллана. Ажилчдынх дийлэнх нь орон нутгийн иргэд. Ингэснээр ‘Өгөөмөр Гавилууд’-ынхан орон нутагт цөөнгүй ажлын байр бий болгожээ. ‘Өгөөмөр Гавилууд’ Ханбогд суманд караоке, зочид буудал, супермаркет, ресторан бүхий үйлчилгээний томоохон төвтэй.
М.Хашбаатар захирлыг Ханбогдынхон андахгүй. Тэрээр дунд сургуулиа төгсөөд хэдэн жил аав, ээждээ тус дэм болж, мал маллаж байж. Дараа нь арьс нэхийний ченж хийж хэсэг явж. Зах зээлээс алс хол орших нутгийнхаа зон олны түүхий эдийг мөнгө болгож өгсөн буянтан гэж хэлж болох юм. Дэлхийд нэртэй ‘Вагнер Ази’-д хүртэл ажиллаж байж. Энэ бүхнийг амжуулж явахдаа БХИС-ийг эчнээгээр төгсч, нягтлан бодогчийн мэргэжил эзэмшжээ. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн сонгуультай. Эцэстээ бие дааж өөрийн гэсэн компани байгуулаад нутаг орондоо бизнес эрхэлье гэсэн эрс шийдэмгий шийдвэрт хүрсэн нь энэ. Компани байгуулахад Солонгост ажиллаж амьдарч байсан ах нь ихээхэн нөлөөлжээ. Компаниа байгуулаад БНСУ-аас 45 хүний суудалтай ‘Хьюндэй-540’ маркийн том оврын автобус 5-6-г оруулж иржээ. ‘Өгөөмөр Гавилууд’-ыг хөл дээр нь босгоход ‘Оюу Толгой’, түүний ханган нийлүүлэгч CIS компанийн хувь нэмэр асар их аж.
‘Оюу Толгой’-той хамтран ажиллахад шаардлага маш өндөр. Түүнийг хангаж байж л ханган нийлүүлэгч болдог. Цаашид ажилчдын тоогоо нэмэгдүүлнэ. ‘Оюу Толгой’-той улам ойр дотно хамтран ажиллана. Бидний ажилд байнга тусалдаг ‘Оюу Толгой’ компанийн удирдлагад үнэхээр их баярлаж байна. Орон нутгийнхныг ажлын байраар хангахад эднийх ихээхэн нэмэр болж байна” гэж М.Хашбаатар захирал өгүүлж байна.
“Ханбогд сум Оюу Толгойн уурхайгаас 40 орчим км хол болохоор ажилчид өглөө долоон цаг гэхэд ажилдаа очихын тулд 5:40 гэхэд гэрээсээ гардаг. Эрт унтаж, эрт босч сурлаа. Нэг ээлж сард доод тал нь 17-18, дээд тал нь 25-26 хоног ажилладаг. Баяжуулах үйлдвэрийн цэвэрлэгээний ажилчны цагийн хөлс тогтмол 4,320 төгрөг. Илүү цагийн хөлс үүн дээр нэмэгдэнэ. Бүхий л татвар хураамжаа төлөөд өдөртөө 50 мянга шахам төгрөг авна. Ингэснээр сардаа 800 мянгаас нэг сая гаруй төгрөгийн цалин өлхөн авна гэсэн үг. Баяжуулах үйлдвэрийг байнга цэвэр цэмцгэр байлгадаг болохоор үйлдвэрийнхэн ч биднийг ихэд үнэлдэг юм. Энд ирж үзсэн хүмүүс баяжуулах үйлдвэр гэдэг чинь ийм цэвэрхэн байдаг юм уу гэж гайхдаг. Оюу Толгойн хаялга үнэхээр их шүү” гэж ‘Өгөөмөр Гавилууд’ компанийн ахлах ажилтан Б.Батбаяр ярьж байна билээ.
‘Өгөөмөр Гавилууд’ ганцхан эмэгтэй ажилтантай. Тэр нь ээлжийн ахлагч Г.Оюундарь. Тэрээр англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Ахлах ажилтны хувьд хүмүүсээ удирдана, тэднийхээ аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийг хариуцна, ажлаа төлөвлөнө, сургалт зохион байгуулна гээд түүний ажил мундахгүй. “Энд ажиллах амаргүй ээ, гэхдээ дэвжиж хөгжих боломж дүүрэн бий. Ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлж байна” гэж “Бэлд нь бүү хүлээ, оргил өөд тэмүүл” гэсэн уриатай тэр бүсгүй ярилаа.
‘Өгөөмөр Гавилууд’-ынхан гэж ийм л сайхан хамт олон доо.
Leave a Reply
You must be logged in to post a comment.