Өгүүлэл: Гартаа ч, сэтгэлдээ ч гагнуурын очтой бүсгүй

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулав.

Сундуйхүүгийн Саран Оюу Толгойн ил уурхайд гагнуурчнаар ажилладаг юм. Тэрээр аль наяад оны эхээр Улаанбаатар хотын Барилгын ТМС-ийг цахилгаан, хийн гагнуурчны мэргэжлээр төгссөнөөс хойш чилийсэн 30 жилийг гагнуурын очтой хамт үджээ. Анх Сантехникийн үйлдвэрт гагнуурчнаар ажилд орсноос хойш 'Ган хийц', 'Алтан дорнод Монгол', 'Жамп алт' зэрэг компанид үр бүтээлтэй ажиллаж байжээ. Гурван жилийн өмнө 'гагнуурчин авна' гэсэн зарын дагуу 'Оюу Толгой'-н шалгаруулалтад тэнцэж, тус компанийн ажилчин болсон гэнэ.

Түүний ажил амаргүй, муухан эрд ч ахадмаар. Гэхдээ тэр ажилдаа даанч дуртай, түүгээрээ бахархдаг гэж хэлж байсан. Ази тивд зөвхөн Монголд, ганцхан Оюу Толгойн ил уурхайд 28-хан ширхэг байдаг 'Комацу 930E' хэмээх хүчирхэг өөрөө буулгагчийн ханзарсан тэвш, 'Бикарус' аварга экскаваторын шанаганы элэгдсэн шүд зэргийг гагнаж, өнгөлж, цоо шинэ мэт болгодог ид шидтэй ч гэмээр мэргэжил болохоор бахархахаас ч аргагүй биз. Нэг ээлжинд 14-үүлээ гарна. Ил уурхай гурван ээлжээр ажилладаг гэхээр нийтдээ дөчөөд гагнуурчинтай. Түүний хоёрхон эмэгтэй гагнуурчны нэг нь С.Саран юм.

“Бэрхшээлгүй, амар хялбар ажил гэж хаа байх вэ. Зуны халуунд хөдөлмөр хамгааллын зузаан хувцастай, хамгаалалтын хүнд малгайтай гагнуур хийхэд бас ч амаргүй шүү. Заримдаа говьд чинь 45-46 хэм хүрч халдаг. Дээр нь гагнаж буй төмөр эдлэл маань урдаас хална. Гэвч тэр бүхнээс хэзээ ч шантарч байсангүй” гэж тэр өгүүлж байв. Нөхөр Ц.Гантулга нь хувийн компанид ажилладаг, тэднийх том болсон дөрвөн хүүхэдтэй айл.

“Элэгдэж эвдэрсэн эд анги, тоног төхөөрөмжийг эвлүүлж нийлүүлээд, өнгөлж зүлгээд, будаж янзлаад дөнгөж үйлдвэрээс гарсан юм шиг цоо шинэ болгосноо харахад сэтгэл өег байдаг юм. Манай ахлах менежер австрали залуу бий. Залуу хүн гэхэд хамт олноо чадварлаг удирдаж, мэдэхгүй чадахгүй зүйлийг маань байнга сэтгэл харамгүй хэлж өгдөг. Үе үе сургалт явуулна. Ингэснээр бид удахгүй гагнуурчны олон улсын батламжтай болох юм. Нэг ёсондоо мэргэжлээ дээшлүүлж байна гэсэн үг. Манай хамт олон эв найртай, хийх ажлынхаа талаар ний нуугүй зөвлөлдсөний ачаар үүрэгт ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг юм” гэж гагнуурчин бүсгүй С.Саран ярилаа.

Түүнийг гартаа ч, сэтгэлдээ ч гагнуурын очтой бүсгүй гэж нэрлэж болох байх аа.