– Ханбогд сумын малчдад “Орон нутгийн замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцох нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулав –
Монгол улс, Улаанбаатар хот – Өмнөговь аймгийн Ханбогд сумын замын цагдаагийн газраас 'Замын хөдөлгөөний аюулгүй байдал' долоо хоногийн аян өрнүүлж байна. Аюулгүй ажиллагааг нэн тэргүүний зорилтоо хэмээн тодорхойлдог Оюу Толгой компанийн хувьд 2 дугаар сарын 27 хүртэл үргэлжлэх энэхүү аянд өндөр ач холбогдол өгч идэвхтэй оролцож байгаа юм. Энэ аяны хүрээнд Ханбогд сумаас Оюу Толгой уурхайн хооронд ажилчдыг тээвэрлэж буй том оврын автобусны хурд болон техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин ажиллаж байна.
Саяхан Ханбогд сумын Замын Цагдаагийн Тасаг, Өсвөр Үеийнхний Хөгжлийн Төв ТББ, 'Оюу Толгой' компани хамтран Ханбогд сумын малчдад 'Орон нутгийн замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцох нь' сэдэвт сургалтыг дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулсан.
Сургалт нь орон нутгийн замын хөдөлгөөнтэй холбогдон мал хариулах үед гарч болох эрсдлүүд, зам дээр гарсан ослын үед үзүүлэх анхны эмнэлгийн тусламж үйлчилгээ, оролцогчдын мэдлэг хандлагыг тодорхойлох тест зэрэг сонирхолтой сэдвүүдээс бүрдсэн юм. Орон нутгийн иргэд замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцож, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чадварыг эзэмшсэндээ сэтгэл хангалуун байлаа.
Тээврийн хэрэгслийг асааж жолоодохын өмнө аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар Оюу Толгой компанийн бүтээсэн санамжийг Рио Тинто өөрийн цахим хуудсандаа байршуулжээ. Уг санамжийг дараахь линкээс үзэх боломжтой: http://riotinto.intra.tv/default.asp?vid=744&language=en
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.