– З.Оюунцэцэг Өмнөговийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн нэг –
Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн хариуцлагын хэлтсээс Өмнөговь аймагт 'Өмнөговийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр' хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр Өмнөговь аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг дэмжих, нийгэм, эдийн засгийн салбарт шаардлагатай мэргэжлээр сурч буй чадварлаг оюутан, залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, оюуны хөрөнгө оруулалт хийх замаар төгсөөд нутагтаа ирж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд 'Өмнөговийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр'-т тус аймгийн харьяат 242 оюутан хамрагдсанаас, 142 нь сургуулиа төгсөж, нутагтаа ажиллаж байна. Тэдний нэг З.Оюунцэцэг гурван жил тэтгэлгээр суралцаж төгсөөд, Гурвантэс сумын эмнэлгийн эмч, эрхлэгчээр орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа юм. Өмнөговь аймагт оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн жил буюу 2005 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежийн 3-р курсэд их эмч мэргэжлээр суралцдаг, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, 28 настай эмэгтэй тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасан нь З.Оюунцэцэг байсан юм. “Таны ирээдүйн зорилго юу вэ, сургуулиа төгсөж ирээд Өмнөговь аймагт ямар чиглэлээр ажиллаж, юу хийхийг мөрөөддөг вэ?” гэсэн асуултад тэрээр “Сургуулиа төгсөөд сумандаа эргэн ирж орон нутгийнхаа хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түлхүү анхаарч ажиллана гэж бодож байгаа. Хүн амыг өргөн хамарсан дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлснээр хөдөлгөөний хомсдолоос үүсдэг олон өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Эрүүл эх, эрүүл хүүхэд нийгмийн үнэт баялаг байдаг учраас цаашдаа эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшиж, мянганы хөгжлийн зорилтыг баримтлан ажиллах бодолтой” хэмээн хариулж байсан аж. Тэгвэл энэ эмэгтэй өнөөдөр хэлсэн үгэндээ хэдийнээ эзэн нь болжээ. Өмнөговь аймагт төрсөн тэрээр 1996 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны коллежийг төгсөөд Гурвантэс сумын эмнэлэгт сувилагчаар 8 жил ажиллаж байгаад мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр 2003 онд Дорноговь аймаг дахь Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний ангид элсчээ. Тэрээр 2005 он буюу 3-р курсээс Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, амжилттай суралцан төгсөх хүртлээ тэтгэлэг авсан байна. Сургуулиа төгсөөд орон нутагтаа ирж, Гурвантэс сумын эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллаж байгаад 2012 оноос эхлэн эрхлэгчээр ажиллаж байна. Орон нутагтаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь харгалзан аймгийн Эрүүл мэндийн газар Оюу Толгой төслөөс хэрэгжүүлдэг Эмчийн тэтгэлэгт хөтөлбөрт түүнийг 2012 оноос хамруулсан байна. 'Эзэн хичээвэл заяа хичээнэ' гэдэг Монгол ардын зүйр үг бий. Тэгвэл үүнийг амьдралаараа баталсан энэ эмэгтэй Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, ажил амьдралын гараагаа эхэлсэн, нутаг орондоо эргэн эрж амжилттай ажиллаж байгаа олон төгсөгчдийн төлөөлөл юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.