– Мэргэжлийн сайн ажилчин амжилтын түлхүүр –
Томоохон компанийн инженертэй уулзаад ярилцаж суухад “Сайн гагнуурчин ажилд авах гээд олдохгүй хэцүү байна” гэдэг үгийг хэдэнтээ хэлсэн. Үнэхээр манайд нарийн мэргэжлийн сайн ажилтан ховор болжээ. Компаниуд эрж, хайгаад олдохгүй байна гэдгээ ч хэлээд байгаа. Өнөөдөр сайн ажилтан байгууллагын амин чухал хэрэгцээ, амжилтын түлхүүр нь болж. Манай улсад сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна. Барилга байгууламж, үйлдвэр, дэд бүтэц, зам гээд олон салбарт зэрэг явагдаж байгаа нь ямархан цар хүрээ, хэтийн төлөвтэй болохыг харуулж байх шиг. Гэхдээ бүтээн байгуулалт хэр эрчимтэй явагдах нь чадварлаг, мэргэжилтэй ажиллах хүчнээс хамаарах нь мэдээж. Сайн ажилтан бэлтгэхийн тулд тэднийг сургах сургууль, ая тухтай амьдрах оюутны байр, дадлага хийх орчин үеийн тоног төхөөрөмж, лаборатори, чадварлаг багш нар хэрэгтэй. Энэ бүхнийг бэлтгэх, авах, барьж байгуулахад хөрөнгө оруулалт шаардлагатай. Зөвхөн хэрэгтэй гээд ярих, төлөвлөх биш шуудхан, яаралтай хэрэгжүүлэх шаардлага өнөөдрийн эрэлт хэрэгцээнээс урган гарсан. Тиймээс Оюу Толгой ХХК нийгмийн хариуцлагаа биелүүлж, хувийн хэвшлээс анх удаа энэ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд мэргэжлийн боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулж байгаа юм. Томоохон гэдгийг 126 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 200 орчим тэрбум төгрөг хэмээн илүү тодруулж болно. Цар хүрээ, хугацаа, хэмжээний хувьд ч Монголдоо хамгийн том нь болох энэ хөрөнгө оруулалт олон чиглэлийг хамарсан учраас бүгдийг нь багтааж бичнэ гэвэл сонины хуудсууд багадах нь мэдээж. Тиймээс энэ удаа зөвхөн барилга бүтээн байгуулалтын ажлаас өгүүлэхээр шийдлээ.
“Мэргэжлийн сургуулиуд баахан онол үзэж байгаад төгсдөг. Ажил дээрээ гараад сайн ажиллаж чадахгүй байна” гэсэн яриа их бий. Зарим талаар үнэний ортой үг. Оюу Толгой компани Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий авто засвар, цахилгаан, гагнуурын тоног төхөөрөмж өгч, дадлага хийх төвийг нь байгуулсан. Яг үйлдвэрлэл дээрхи дадлага шиг орчин бүрдүүлж. Энэ ажлыг “Орчин үеийн дадлагын тоног төхөөрөмж өгсөн явдал бол багш, оюун сурагчдын хүсэн хүлээсэн зүйл байсан гэж бодож байна. Та бүхний оруулсан хөрөнгө оруулалт бол Монгол улсын хөгжил дэвшил, үүн дотроо хүний нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой хөрөнгө оруулалт боллоо” хэмээн УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав үнэлж байсан юм.
Хэдхэн жилийн өмнө хөдөө ажилгүй байсан залуучууд өнөөдөр уурхайд аварга том хүнд даацын машин жолоодож явна. Бас шинэ мэргэжил эзэмших, уурхайд ажиллах, өмнийн говь дахь их бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй залуус ч олон бий. Оюу Толгой ийм хүмүүсийн ирээдүйд, амьдралд нь хөрөнгө оруулж, Өмнөговь аймгийн Ханбогд суманд Техникийн сургалтын төв барьж, ашиглалтад оруулсан. Нийтдээ 3,6 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй энэ төв сургалт, дадлагын танхимтай, техник, тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон. Энэ төвөөр дамжуулан Оюу Толгой компани олон төрлийн сургалт явуулж байгаа. Бас механикч, гагнуурчин, цахилгаан зэрэг мэргэжлүүдээр 20-24 долоо хоногийн дадлага хийх боломж бүрдүүлжээ.
Бидний мэдэх хуучны найрамдалын Дархан хот бол бүтээн байгуулалт өрнөж, амьдрал буцалж байсан түүхтэй, үйлдвэрийн бүс нутаг. Ийм хэрэгцээг тооцон ууган сургуулийн нэг болох ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн сургуулийн барилгыг өргөтгөж, оюутны дотуур байр барьж, өнгөрсөн оны сүүлчээр хүлээлгэн өгсөн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Сургууль 31 жилийн дараа шинэ байрандаа орж байна. Ингэснээр оюутнуудын сурах бололцоо нэлээд нэмэгдэнэ. Политехник коллеж ойр орчмын хүүхдүүд сурдаг биш үндэсний хэмжээнд боловсон хүчин бэлтгэх сургууль. Иймээс шинэ дотуур байртай болсноор элсэлт нэмэгдэх боломж бүрдэнэ” хэмээн хэлсэн. Үнэхээр үндэсний хэмжээнд мэргэжилтэй ажилтан бэлтгэж эхлэхэд энэ хөрөнгө оруулалт ёстой л 'нүдээ олсон' гэхэд болно. Өргөтгөл хийснээр тус сургуулийн сургалтын орчин, хүчин чадал, тоног төхөөрөмж нэмэгдэж дөрвөн мэргэжлээр сургалт явуулах боломжтой болсон билээ. Үүний зэрэгцээ 250 оюутны байранд 370-аад оюутан амьдарч байсан бол нэмээд 108 ортой байр барьж, бүрэн тоноглож, тохижуулсан байна.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежийн байрыг өргөтгөж, оюутны байрыг нь шинэчилж, хүлээлгэн өглөө.Сургуулийн байрыг өргөтгөснөөр 950 оюутан хүлээн авах хүчин чадалтай болсон. Үүний зэрэгцээ оюутны байрны зориулалтаар үл хөдлөх хөрөнгө худалдан авч, иж бүрэн зассан бөгөөд 250 оюутан тохилог орчинд амьдрах боломж бүрдэж, 30 багшийн орон байрны асуудлыг шийдсэн байна. Түүнчлэн бүх төрлийн спортын уралдаан, тэмцээн, биеийн тамирын хичээл явуулах боломжтой олон улсын стандартын шаардлага хангасан хэрэгсэлээр тоноглосон спорт, урлагийн заал хүлээлгэн өгчээ. Энэ сургуулийн талаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр “Монгол улс баялгийнхаа үүцийг нээсэн өнөө үед дэлхийд өрсөлдөхүйц өндөр ур чадвартай уул уурхайн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд манай Политехникийн коллеж хувь нэмрээ оруулах нь дамжиггүй” хэмээн онцолж байсан юм.
Өнөөдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт Техник технологийн сургууль баригдаж байна. Нийтдээ 6,000 ам метр талбай бүхий сургалт, үйлдвэрлэлийн хичээлийн байр, 2500 ам метр талбайтай оюутны дотуур байр, багш нарын орон сууц, спортын талбай, спортын танхимаас бүрдэх иж бүрэн цогцолбор. Бас энэ газрыг ч зүгээр нэг сонгоогүй. Оюутны хотхон барих бодлогыг жишиг болгон эхлүүлж байгаа юм. Тус сургуулийн барилгын давуу тал нь эрчим хүч, дулааныг дээд зэргээр хэмнэх дэвшилтэт технологи ашиглаж байгаа. Барилгын нүүрэн талын ихэнх талбайг эзлэх цонхоор нарны энерги авах боломжтой. Цонхууд нь гурван давхар, дундаа хүйтэн нэвтрүүлэхгүй, дулаан алдахгүй таславчтай. Үүний зэрэгцээ барилгын гадна талын хөөсөнцөр материал нь маш зузаан, дээд зэргийн шахалттай, хатуу учраас дулаан сайн хадгалдаг. Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай оронд энэ шинэ технологи хамгийн зөв шийдэл болж байгаа.
Монголчуудын анхаарлын төвд орсон Өмнөговь аймагт уул уурхай төдийгүй төмөр зам, дэд бүтэц, барилга байшин гээд олон ажлууд шил шилээ даран хүлээж байна. Тиймээс Оюу Толгой компани сургалт, дадлага, ажлын байр гурвыг нэг доор нэгтгэх зорилгоор Даланзадгад дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өргөтгөл 100 гаруй оюутны багтаамжтай шинэ дотуур байр ашиглалтад оруулах юм.
Эдгээр бүтээн байгуулалтууд хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаардсан ажил хэдий ч Оюу Толгой компанийнхан зөвхөн өнөөдрийг биш маргааш, ирээдүйд гарах үр өгөөжийг нь илүү чухалд тооцсон юм. Энэ бол үл тасрах өгөөж. Учир нь мэргэжилтэй сайн ажилтан зах зээлд эрэлттэй, эрэлт байвал цалин хангамж нь дагаад нэмэгдэнэ. Цалинтай, орлоготой залуучууд ирээдүйдээ итгэлт, төгс амьдарна, илүү ихийг хийж бүтээнэ.
Ийнхүү мэргэжлийн боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтууд үргэлжилсээр. Энэ сургуулиудаас эх орныхоо хөгжилд сэтгэл зүтгэл, гар бие оролцох мянга мянган залуусын цуваа зүг бүрт тасралтгүй хөвөрнө биз ээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.