Хэвлэлийн мэдээ: ‘Оюу Толгой’ тэмээний ноосны шийдлийг хайж байна

Монгол улс, Улаанбаатар хот – 'Тэмээний ноос-шийдэл хайх нь’ сэдэвт олон талт хэлэлцүүлэг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд өнгөрсөн баасан гаригт болов. ‘Оюу толгой’ компани уг хэлэлцүүлгийг анхлан санаачилж санхүүжүүлсэн юм. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, 'Гэрэгэ партнерс' компанийн хамтран зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Оюуны өмчийн газар, Монголын ноос, ноолуурын холбоо, Нэхмэлийн хүрээлэн, 'Сор', 'Говь', 'Гоёо', 'Ээрмэл' зэрэг үндэсний үйлдвэрлэгчид, Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай сумын удирдлага, малчдын төлөөлөгчид оролцов. Тэмээний ноос бэлтгэх, боловсруулах, түүгээр хийх бүтээгдэхүүний нэр төрөл, нэр хүндийг өргөж хэрэглэгчдэд таниулах, өрсөлдөх давуу талыг сайжруулж зах зээлийг тэлэх, эрэлт, борлуулалтыг нь нэмэгдүүлэх арга замыг хамтран эрэлхийлж, нэгдмэл шийдэлд хүрэх нь хэлэлцүүлгийн гол зорилго байлаа.

МҮХАҮТ-ын орлогч дарга Ц.Янсанжав хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ Оюу Толгой компани уул уурхайн том бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн зэрэгцээ компанийн сайн засаглалыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлж, бусад аж ахуйн нэгжүүдэд үлгэр дууриал болж байдаг билээ. Тус компанийнхан манай танхимын гишүүн 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллийг өмнийн говь дахь Оюу Толгойн уурхайтай саяхан танилцуулсан юм. Өнөөдөр тэмээний ноосны тухай өргөн хүрээг хамарсан энэхүү хэлэлцүүлгийг санаачлан санхүүжүүлж байгаад талархлаа илэрхийлье” гэв.

Энэ үеэр Оюу Толгой компанийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтсийн захирал Ш.Байгалмаа, 'Гэрэгэ партнерс' компанийн зөвлөх В.Шинэнэмэх, ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу, 'Сор кашмер' компанийн захирал М.Эрдэнэтуяа, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Ганбат нарын зэрэг хүмүүс 'Оюу Толгой' компанийн үйл ажиллагаа явуулдаг сумдад хийсэн тэмээний ноосны нэмүү өртгийн сүлжээг шинжилсэн судалгаа, ҮХААЯ-наас тэмээний ноосны талаар баримталж буй бодлого, хэтийн төлөв, говийн тэмээний ноосны газар зүйн заалтын нөхцөл байдал, ашиглахад тулгамдаж буй бэрхшээл, тэмээний ноосны боловсруулалт, түүний онцлог, хүндрэл, боломж, ноосны урамшуулал, ирээдүйн чиг хандлага, баримтлах стратеги зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. 'Оюу Толгой' компанийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтсийн захирал Ш.Байгалмаа “торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүн ноолуурынхаас дутахгүй тансаг зэрэглэлд багтаж, дэлхий дахинаа Монгол улсын нэрийн хуудас болохуйц шилдэг брэнд болох эхлэл тавигдаж байна” гэв.

Оюу Толгой компани уурхайтайгаа зэргэлдээ орших Ханбогд, Манлай, Баян-Овоо болон Даланзадгад сумын тэмээний ашиг шимийг эцсийн бүтээгдэхүүн болгох, нэмүү өртөг шингээх үе шатыг тодорхойлж, өртгийн сүлжээний зураглал бий болгох, өртгийн сүлжээнд оролцогчдын харилцан хамаарлыг илрүүлэх зорилгоор өргөн хүрээтэй судалгааны ажлыг 'Гэрэгэ партнерс', 'Нутаг түншлэл' компанид захиалан хийлгэсэн юм. Судалгааны ажлын үндсэн зорилго нь Оюу Толгойн уурхайтай ойролцоо нутагладаг малчдад тэмээ, ямааны гаралтай түүхий эдийн ашиг шимийг бүрэн гүйцэд бэлтгэн борлуулахад туслах, тэднийг зах зээлийн үндсэн тоглогчидтой холбож, бизнесийн харилцаанд оруулах замаар Өмнөговь аймгийн мал аж ахуйн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм. Энэ хоёр компани дээрх судалгааг энэ оны эхний хоёр сард багтаан гүйцэтгэжээ.

Өмнөговь аймаг бол хоёр бөхт тэмээний өлгий нутаг билээ. Ялангуяа Ханбогд, Баян-Овоо сум 'Галбын говийн улаан' омгийн тэмээний нутаг. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол улс 305,800 тэмээтэй байв. Үүний 32 хувь буюу 97.3 мянга нь Өмнөговь аймагт бий. Дээрх судалгаанд хамрагдсан дөрвөн суманд 35.8 мянган тэмээ байгаа нь Монголын тэмээн сүргийн 12 хувийг эзэлж байгаа аж. 20,389 тэмээтэй Ханбогд сум тэмээнийхээ тоогоор улсад нэг, 8,816 тэмээтэй Манлай сум гурав, 5,049 тэмээтэй Баян-Овоо сум найм, 1,559 тэмээтэй Даланзадгад 15 дугаар байрт ордог юм байна. Дээрх дөрвөн сумын тэмээний тоо тэмээн сүргийнхээ тоогоор улсад аман хүзүүддэг Баянхонгор аймгийнхаас ч илүү гэсэн үг. Нэг тэмээнээс дунджаар дөрвөн кило ноос авна гэж тооцвол Ханбогд, Баян-Овоо, Манлай сумынхан 130 гаруй тонн тэмээний ноос бэлтгэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, тэмээний ноосны ихээхэн нөөц байгаа хэрэг. 537 тэмээтэй Ж.Тогтохсүрэн Ханбогд сумын хамгийн олон тэмээтэй малчин юм. Тэдний торомны ноос 14.53 микронтой байгаа нь ноолуурынхтай бараг адилхан гэсэн үг. Эдгээр суманд тэмээний ноосыг чухалчлан үзсэний учир чухам энэ юм.

Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболд хэлэлцүүлгийн үеэр чихэнд чимэгтэй нэг мэдээ дуулгав. Тус сумынхан ирэх оны эцсээр 1,000 тэмээний уралдаан зохион байгуулж, Гиннесийн номд бүртгүүлэхээр зориг шулууджээ. Өмнө нь Өвөрмонголд 300-гаад тэмээ уралдуулж дээд амжилт тогтоосон үзүүлэлт байдаг аж. Хэлэлцүүлгийн үеэр тэмээний ноос, ямааны ноолуур зэрэг газар зүйн заалттай бүтээгдэхүүний мини үзэсгэлэнг олны хүртээл болголоо.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.