Монгол улс, Улаанбаатар хот – Улаанбаатар хотноо өнөөдөр болсон Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) ээлжит хурлаар тус компанийн шинэ Гүйцэтгэх ерөнхий захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр ноён Крэйг Киннелийг дэмжиж баталлаа. Эдүгээ Рио Тинтогийн зэсийн салбарын маркетингийн захирлын албыг хашиж байгаа ноён Крэйг Киннел 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс шинэ албандаа орох юм.
Ноён Киннел Рио Тинто группийн зэсийн бизнесийн орлогыг нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлэх, түүний дотор Оюу Толгойн зэсийн баяжмалыг олон улсын нөхцөлөөр худалдаалах гэрээ байгуулахад сүүлийн гурван жил чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх хэлэхдээ “Крэйг Киннел энэ албан тушаалд ажиллах болсонд би баяртай байна. Тэрбээр эрчтэй, чадварлаг удирдагч болохоо харуулсан хүн юм. Оюу Толгой томоохон бүтээн байгуулалт байхаа нэгэнт больж, өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааг тогтвортой, найдвартай явуулж буй компани боллоо. Өмнө нь хэд хэдэн уурхайг удирдаж, уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр үнэ хүргэж борлуулж ирсэн арвин туршлага өвөртөлсөн Крэйг Киннел Оюу Толгойг ойрын ирээдүйд амжилттай удирдаж чадах хамгийн тохирсон сонголт мөн” гэж онцлон тэмдэглэв.
“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирлын хувьд ноён Киннел тус компанийн бүхий л үйл ажиллагаа, түүний дотор үйлдвэрлэлийн аюулгүй байдал, стратеги, уурхайн үйл ажиллагаа явуулахтай холбоотой бүхий л зөвшөөрөл, лиценз, үйлдвэрийн өсөлттэй холбоотой асуудлыг бүхэлд нь хариуцахаас гадна “Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх удирдлагын хороог даргалах ажээ.
Жич:
Ноён Крэйг Киннел уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай. Шотландын Санкт Эндрью хотод төрсөн тэрээр 1985 онд Пейсли дээд сургуулийн маркетинг, эдийн засгийн ангийг бакалавр зэргээр төгссөн даруйдаа Рио Тинтод анх ажилд оржээ. Тэрээр 1992 онд Английн Креньфилдийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Түүнээс хойш Рио Тинтод янз бүрийн албан тушаал хашиж, тухайлбал, Рио Тинтогийн ураны салбарын гүйцэтгэх захирал, дараа нь Рио Тинтогийн төмөр болон титаны салбарын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Ноён Киннел Рио Тинто группт 27 жил ажилласан Оюу Толгой ХХК-ийг сүүлийн гурван жил удирдсан ноён Камерон МакРейн оронд ажиллах ажээ
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.