Аливаа улсад аз тохиодог ч амжилт олохгүй алдах нь олонтаа. Харин Монгол улс азтай, бас амжилттай явна. Ийм нэг амжилт Монголын өмнийн говьд Оюу Толгойн ордыг нээж, нөөцийг баталгаажуулсан 2001 оноос эхэлсэн түүхтэй.
Нээх нэг хэрэг ашиглах өөр хэрэг. Оюу Толгой уурхайг ашиглалтад оруулахад 7.8 их наяд төгрөг буюу 6 тэрбум ам.доллар шаардлагатай байлаа. Энэ их мөнгийг хөрөнгө оруулагчид гаргах болсон. Харин бид, монголчууд нэг ч төгрөг гаргалгүй, ямар ч эрсдэл хүлээхгүй, эхнээс нь ашгаа хүртээд эхэлсэн. Цаашид ч ашгийн ихэнхийг нь авах юм.
Уурхайн үйл ажиллагаа эхлээгүй, бүтээгдэхүүн борлуулж орлого олоогүй байгаа хэдий ч монголчууд бид аль хэдийнэ төслийн үр ашгийг нь хүртэж эхэлсэн. Тухайлбал, Оюу Толгой уурхай ашиглагдахаас өмнө Засгийн газарт төлж буй 900 тэрбум төгрөгийн татвар, хураамж, төлбөрүүд, Оюу Толгой төсөлд хөдөлмөр эрхэлж буй 10 мянга гаруй монголчуудыг дурьдаж болно. Үүнээс гадна зөвхөн 2011 онд 1000 гаруй үндэсний ханган нийлүүлэгчид 1,7 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээг Оюу Толгойд нийлүүлсэн. 1,7 их наяд төгрөг гэдэг бол тус бүр нь 60 сая төгрөгийн үнэтэй хоёр өрөө орон сууц 28 мянган ширхгийг худалдаж авах мөнгө.
Монголын ажиллах хүчин бэлтгэх сургалтын хөтөлбөрийг 110 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, техник технологийн жишиг сургууль гурвыг шинээр барьж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвийг иж бүрэн шинэчилж, 3300 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, гадаад дотоодын их сургуульд оюутнуудыг тэтгэлгээр сургах гээд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмээд явбал улам ахиу дүн гарна. Энэ бол зөвхөн эхлэл…
Оюу Толгой төсөл бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэл явуулж эхлэх үед дэлхийн гуравдахь том уурхай болох юм. Энэ нүсэр том баяжуулах үйлдвэр ашиглалтад ороход манай улсын уул уурхайн салбарын дэлхийн зах зээл дэх өрсөлдөх чадвар эрс нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ Монгол улсын Засгийн газар төслийн нийт мөнгөн урсгалын 70 хүртэлх хувийг хүртэх, Оюу Толгой төслийн нийт ажилчдын 90 хувь нь монголчууд байх гэх мэтээр бидний амжилтын түүх үргэлжилсээр…
Leave a Reply
You must be logged in to post a comment.