Оюу Толгой ажилчдынхаа эрүүл мэндийн хамгааллыг бэхжүүлж байна

Ажлын байруудад эмнэлгийн анхан шатны сэхээн амьдруулах тусламж үзүүлэх төхөөрөмж байрлууллаа


Оюу Толгой ХХК-ийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх сайн дурын
ажилтнуудад ZOLL AED – Дефибриллятор хэрхэн ашиглах талаар
сургалт явуулж байгаа нь

Монгол улсын хөгжлийг хурдасгагч Оюу Толгой ХХК нь өөрийн ажилчдынхаа ажлын үр бүтээлийг өндөр байлган, тэдний эрүүл мэнд, ажлын аюулгүй байдлыг цаг үргэлж эрхэмлэн ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг сайжруулах сургалтууд явуулахын зэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангадаг.

Оюу Толгой ХХК ажилчдынхаа эрүүл мэндийн хамгааллыг бэхжүүлэх зорилгоор Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Ханбогд болон Даланзадгад дахь оффисийн байрууддаа зүрхний үйл ажиллагаа зогсох, доголдох үед хэвийн үйл ажиллагаанд оруулагч 16 ширхэг аппарат суурилуулсан байна.

Дэлхий нийтэд болон манай улсад зүрхний шигдээс өвчнөөр нас барагсдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аппаратыг суурилуулсан бөгөөд бүрэн автомат, зохих зааварчилгаа авсан ямар ч хүн ажиллуулах боломжтой, энгийн байдлаараа давуу талтай юм.

Оюу толгой ХХК-ийн Эмнэлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Гантулга “Манай улсад анх удаа ийм аппаратыг олон нийтийн хэрэгцээнд зориулан ашиглаж байна. Өмнө нь зөвхөн мэргэжлийн эмнэлгүүдэд ашиглаж байсан. Бид ажилчдынхаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг сайжруулах сургалтаар энэхүү төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах талаар зааварчилгаа өгч, сургалт явуулж эхлээд байгаа. АНУ-ын ийм төрлийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлэгч Zoll Фирмийн ZOLL AED – Дефибриллятор нь бүрэн автомат, ажиллуулах зарчим энгийн, ухаалаг аппарат гэж хэлж болно” гэлээ.

Энэхүү аппаратыг байрлуулснаар ажлын байранд зүрхний шигдээс болон бусад гэнэтийн өвчний улмаас зүрхний хэвийн ажиллагаа доголдож амь насаа алдах тохиолдол гарахаас сэргийлэх боломж нэмэгдэнэ. Хамгийн чухал нь цаг хугацаа алдалгүй анхан шатны тусламж үзүүлж амь насыг нь аврах боломж бүрдүүлж байгаа юм. Бүрэн Автомат Дефибриллятор төхөөрөмжийн нэг бүрийн үнэ нь 4,8 сая төгрөг бөгөөд нийт 76,8 сая төгрөгөөр санхүүжүүлжээ.

Дашрамд өгүүлэхэд, Уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгч Рио Тинто компани үйл ажиллагаа явуулдаг өөрийн бүх оффис болон уурхай, үйлдвэрийн байрандаа энэхүү аппаратыг суурилуулж, ажилчдынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалдаг.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно. 


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн