Ханбогд сумын ард иргэдийн төлөөлөл болсон 50 гаруй иргэд Оюу Толгой ХХК-тай хийсэн уулзалтад оролцлоо.Уулзалтаар Оюу Толгой ХХК-ийн мэргэжилтнүүд мэдээлэл өгөв
2-р сарын 13-ны даваа гарагт Ханбогд сумын ард иргэдийн төлөөлөл Оюу Толгой ХХК-ийн зохион байгуулсан хуралд оролцлоо. Энэхүү уулзалт нь нэг сарын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Оюу Толгой ХХК-ийн удирдлагууд хамтран Ханбогд сумын иргэдтэй хийсэн уулзалтын дараа болж байгаагаараа онцлогтой.
Уулзалт дөрвөн цаг гаруй үргэлжилсэн бөгөөд Оюу Толгой ХХК-ийн мэргэжилтнүүд ажлын байр, усны нөөц, байгаль орчин, компанийн ирээдүйн төлөвлөгөөний талаар ард иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариулав. Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей Ханбогд сумын хөгшчүүлд Цагаан сарын баярыг тохиолдуулан урьдчилан очиж золгосон, нутгийн 70 оюутан Оюу Толгой ХХК-ийн тэтгэлэгт хөтөлбөрийг төгссөн, мөн компанийн зүгээс Ханбогд сумын хүн эмнэлэгт хоёрдахь түргэн тусламжийн машиныг хандивласан зэрэг олон үйл явдал давхцсан долоо хоногт энэ уулзалт болж байгаа юм.
Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх Ханбогд сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр уурхайн барилгын ажил эхлээд хоёр жил болж байгаа бөгөөд (2010 оны 3-р сараас эхэлсэн) энэ богино хугацаанд ихээхэн бүтээн байгуулалтын ажил хийгдсэнийг дурьдлаа.
Уулзалтын үеэр Оюу Толгой ХХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан компанийн зүгээс Ханбогд сумын хөгжилд оруулж буй хувь нэмрийн талаар танилцуулга хийж, үүндээ орон нутгийн МСҮТ-ийг барьсан, хоёр цахилгааны үүсвэрийн дизель генератор, эдгээр генераторуудын дизель түлш, шүдний эмнэлэг зэргийг онцлон дурьдсан байна.
Т. Баярсайхан “Энэ удаагийн уулзалт ихээхэн үр дүнтэй, бүтээлч байдалд болж өнгөрлөө. Ханбогд сумын ард иргэд, Оюу Толгой ХХК тэднийг сонсож байгаа эсэхийг мэдэхийг хүсч байсан. Бид ард иргэдийн санал бодлыг байнга сонсож, шийдвэрлэж байдгаа энэ хурлаар баталлаа. Манай үүд хаалга үргэлж нээлттэй байдаг бөгөөд Ханбогд сумын ямар ч иргэн бидэнд санал бодлоо чөлөөтэй хэлэх боломжтой” гэж ярив.
Ханбогд сумын ард иргэдтэй хийх дараагийн уулзалт ирэх сард болох бөгөөд усны асуудлыг хөндөн хэлэлцэх юм. Оюу Толгой ХХК Гүнийн хоолойн усны сав газрыг нээсэн бөгөөд энэ усны нөөцийг ашигласнаараа орон нутгийн ард иргэд, мал амьтдын усны нөөцийг огт хөндөхгүй юм.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.