Оюу Толгой говийн бэлчээрийн нөхцлийг сайжруулж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна

 

Манлай сумын нутагт 42 км урт, 150 гаруй га газарт урьдчилан түүж бэлтгэсэн нутгийн ургамлын 4 тонн үрийг тариад байна


Манлай сумын Байгаль орчны Улсын байцаагчаар ахлуулсан
нутгийн иргэд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх үеэр

Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр болон хөгжиж буй Оюу Толгой төсөл монголчуудын амьжиргааны төвшинг дээшлүүлэх зорилгоор нийгмийн болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийж байна. Түүнчлэн орон нутгийн удирдлагууд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэний нийгмийн төлөөлөл, малчидтай нягт хамтран ажиллаж, орон нутагт шаардлагатай, эн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлыг боловсруулан гаргадаг юм.

Бүс нутгийн байгаль орчныг хамгаалахын тулд “Монголын бэлчээрийн менежментийн холбоо”, Ханбогд сумын “Бэлчээр ашиглагч”, “Алтан нутаг” төрийн бус байгууллагууд, орон нутгийн иргэд, малчидтай хамтран байгаль орчны мониторинг хийх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Оюу Толгой ХХК 2010 оноос хойш “Монголын бэлчээрийн менежментийн холбоо”-той хамтран бэлчээрийн эрүүл мэндийн судалгааг тус бүр нь 50х25 метрийн хэмжээ бүхий 37 талбайд хийгээд байгаа бөгөөд эдгээрийн 33 хувь нь соргог бэлчээр, 52 хувь нь бага зэргийн доройтсон, 9 хувь нь дунд зэрэг доройтсон, 6 хувь нь хүчтэй талхлагдсан гэсэн дүгнэлтийг гаргаад байна.

Бэлчээрийн эрүүл мэндийг доройтуулагч гол хүчин зүйлийн нэг нь машин техникийн нөлөө гэдгийг нутгийн иргэдийн зүгээс ирүүлж байгаа бөгөөд энэ нөлөөллийг багасгах, арилгах тал дээр хийж буй ажлын талаар Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн Судалгаа хариуцсан ахлах ажилтан С.Дорждэрэм “Оюу Толгой-Чойр-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн гол зам Өмнөговь аймгийн Манлай сумын нутгаар дайран өнгөрдгөөс олон салаа замууд гарч, газрын хөрс эвдэгдэх, хөрсний ургамлан бүрхэвч багасах, агаарын тоосжилт ихсэх нөлөө үзүүлэх болсон. Манлай сумын Засаг даргын Тамгын газраас дээрх салаа замуудыг хаах шийдвэр гаргасанаар Оюу Толгой компани тогтоосон маршрутын дагуух замыг хайрган хучилттай болгон сайжруулж, эвдэгдсэн зам, бэлчээрт биологийн нөхөн сэргээлт хийсэн. Манай хэлтсийн мэргэжилтнүүд, Манлай сумын Байгаль орчны Улсын байцаагчтай хамт нөхөн сэргээх газрын хэмжээг нарийвчлан тогтоож, 200 га газрыг нөхөн сэргээх шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн. Улмаар эвдэгдсэн зам, талбай, бэлчээрийг нөхөн сэргээх ажилд Оюу Толгой компани техник тоног төхөөрөмж, урьдчилан түүж бэлтгэсэн нутгийн ургамлын 4 тонн үрийн нөөцөөр хангаж Манлай сумын Байгаль орчны Улсын байцаагчаар ахлуулсан нутгийн 38 иргэн нийт 42 км урт, 150 гаруй га газарт нөхөн сэргээлтийн ажлыг өнгөрсөн намар хийсэн юм” гэж ярилаа.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.