Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дэвшилтэт технологи ашиглан эх үүсвэрийг нь нарийвчлан тогтоож, улмаар түүнийг бууруулах оновчтой арга замыг эрэлхийлэх боломжтой болжээ. Тодруулбал, МУИС 'Оюу Толгой' компанитай хамтран төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ талаар МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн профессор, уг төслийн зохицуулагч С.Лодойсамбаас тодрууллаа.
МУИС, Оюу Толгой компанитай хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар төсөл хэрэгжүүлж эхэлсэн гэсэн. Энэ талаар тодруулна уу?
Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын агаарын бохирдлын бууруулах зорилгоор Засгийн газар дангаараа болон олон улсын байгууллагуудтай хамтран олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж жил бүр ихээхэн хэмжээний мөнгө зарцуулж байна. Зөвхөн сүүлийн гурван жилд гэхэд нийт 47 сая орчим ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо бий. Гэхдээ өнөөдөр бохирдол төдийлэн буурахгүй л байна. Эндээс төрийн болон олон улсын байгууллагад найдаад агаарын бохирдол мэдэгдэхүйц буурахгүй гэдэг нь үүнээс харагдаж байна. Үүнд олон түмний оролцоо чухал ач холбогдолтой. Олон нийтийн агаарын бохирдлын мэдлэгийг нэмэгдүүлж, бохирдлын тухай болон түүнийг бууруулах талаар авч буй арга хэмжээ, бохирдлын өөрчлөлтийн талаар мэдээллийг цаг тухайд нь хүргэж тэдний дэмжлэгийг авч байх хэрэгтэй. Ер нь орчин үеийн хэмжих багаж, төхөөрөмжийн тусламжтайгаар Улаанбаатарын агаарын бохирдол хаана, ямар хэмжээтэй байгаа, түүний шалтгаан нь юу болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, ямар арга хэмжээ авбал илүү үр дүнтэй байхыг судалгааны үндсэн дээр тулгуурлан шийдэх шаардлагатай. Тиймээс МУИС, 'Оюу Толгой' компанитай хамтран “Агаарын тоосонцорын бохирдлын PM 2.5-ыг орчин үеийн цоо шинэ багажаар хэмжиж, твиттер болон фэйсбүүк зэрэг олон нийтийн мэдээллийн суваг ашиглан мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр болсон.
Мэдээллийн сувгуудаар дамжуулан агаарын бохирдлын талаарх зохих мэдлэгийг олон нийтэд түгээнэ гэсэн үг үү?
Тийм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд хүргэж, мөн манай оюутнууд орчин үеийн багаж төхөөрөмж ашиглан мэдлэг, чадвараа сайжруулж, судалгааны ажил хийх томоохон боломж нээгдэж байна гэж би дүгнэж байна. 'Оюу Толгой' компанийн санхүүжүүлж байгаа энэхүү төслөөр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг Монголын болон олон улсын хэмжээнд тогтмол мэдээлснээр олон нийтийн анхаарлыг илүү татаж, агаарын бохирдлыг бууруулахад олон түмнийг илүү оролцуулах зорилготой. Мөн бохирдлыг тогтмол хэмжсэнээр ямар тохиолдолд ихсэж, багасаж байгааг тодруулж, түүнийг шийдэх арга замуудыг тодорхойлох боломжтой. Энэ төслөөр Улсын болон Нийслэлийн агаарын чанарын албаны станцуудын хэмжилтийг нийтэд танилцуулах юм. Ингэснээр хувь хүн төдийгүй албан байгууллагууд ч агаарын бохирдлыг бууруулах ажилд идэвхтэй оролцуулна гэж найдаж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.