Амжилтын түүх: Эрчим хүчний цогц үйлдвэрлэл буюу ‘Энержи интернэшнл’

– Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэгчээр шалгарчээ –

Томоохон бүтээн байгуулалтыг дэд бүтэц, цахилгаан эрчим хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад оролцож, дэд бүтцийн чиглэлээр ажиллаж байгаа газрууд цөөнгүй бий. Тэдний нэг бол 'Энержи Интернэшнл' ХХК юм. Эднийх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл зохиох, барих, ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг чиглэлүүдээр компани аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажилладаг.

'Энержи Интернэшнл' компани Оюу Толгой төсөлтэй эрчим хүчний зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2011 оноос цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түүхий усны хангамжийн систем, ус цэвэрлэх, савлах үйлдвэрийн ашиглалт, засварын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.

'Энержи интернэшнл' ХХК-ний Захирал Г.Занданхүү “Бид Оюу Толгой компанитай хамтран ажилласнаар олон улсын компаний шилдэг менежментээс их зүйлийг сурч мэдэж байна. Ялангуяа хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын болон мэргэжлийн системтэй сургалтын талаар маш олон зүйлийг сурч байгаа. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг эрхэмлэн 'Ослыг тэглэе' уриан дор Эрүүл мэнд аюулгүй ажиллагаа байгаль орчны олон талт хөтөлбөр хэрэгжүүлсэн” хэмэн ярилаа.

Тэрээр “Манай компанийн Оюу Толгой төслийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж 'Эрдэнийн говь' 2011 цом өргөмжлөл, Шилдэг шинэ ханган нийлүүлэгч, 2012 оны 5 дугаар сарын 'Шилдэг гэрээлэгч' байгууллага, 'Эрдэнийн говь' 2012 цом өргөмжлөл, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэгч ханган нийлүүлэгчээр шалгаруулсан явдалд туйлын баяртай байна. Олсон амжилтаа цаашид улам бататгаж Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг ханган Оюу Толгой төслийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай ханган ажиллахаа илэрхийлж байна” гэлээ.

Тус компани 2012 онд төслийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтийн үр дүнг тооцох, түүнд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийг тодорхойлж бүтээмж өндөртэй, осол зөрчилгүй, найдвартай, үйл ажиллагаа явуулах зорилгоор KPI дүн шинжилгээний системийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаа аж.

Энэ хамт олон 2012 онд Үндэсний татварын албаны 'Шилдэг татвар төлөгч' аж ахуйн нэгжийн батламж, 'Хөх Дэвтэр' дээд шагнал, Монголын Менежментийн Холбооны 2012 оны 'Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч, шилдэг аж ахуйн нэгж'-ээр шалгарсан байна.