Фото мэдээ: Оюу Толгойн Үндэсний шилдэг ханган нийлүүлэгчид

– Эрдэнийн Говь-2012 шилдэг 9 компани –

Гран При – ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК

2007 оноос эхлэн Захиалгат нислэгийн үйлчилгээ Оюу Толгой компанид үзүүлж эхэлсэн. Оюу Толгой ХХК нь тус компанийн хамгийн том харилцагчдын нэг юм. Өнөөдрийн байдлаар компаниар үйлчлүүлж байгаа нийт зорчигчдийн 20 хувийг Оюу Толгой компанийн зорчигчид эзэлж байна. 2012 онд 350 хүнийг ажлын байраар хангасан. Изинис Эйрвэйз ХХК нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд улс орондоо олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх, татах үйлсэд хувь нэмрээ тогтвортой оруулж ирсэн.

 

Ханбогд сумын шилдэг ханган нийлүүлэгч – АРГАЛ ХЭТ ХХК

2011 оны 11 сард байгуулагдсан. Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, суудлын бүрээс зэрэг арваад нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна. 2012 онд Оюу Толгой компанитай хамтран ажиллах хугацаанд 27 ажлын байр шинээр бий болгосон. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зуны хөдөлмөр хамгааллын хувцасны шинэ загварууд бий болгосон.

 

Өмнөговь аймгийн шилдэг ханган нийлүүлэгч – СЭТГЭШГҮЙ ХОЙЧ ХХК

Хэвлэлийн бүх төрлийн үйлчилгээ, худалдаа үйлдвэрлэл эрхэлдэг. 2010 оноос Оюу Толгой ХХК-д аюулгүй ажиллагааны тэмдэг, хаяг шошгыг чанар, технологийн өндөр түвшинд нийлүүлж байна. 2012 онд бизнесээ албан ёсоор бүртгүүлж, 180 метр2 талбайтай үйлдвэрийн байр шинээр барьж, байнгын 16, гэрээт 10 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Аймгийнхаа МСҮТ-тэй хамтран ажиллаж ажилтнуудаа сургаж хөгжүүлжээ.

 

Шилдэг жижиг ханган нийлүүлэгч – ОРЕМ ТРЕЙД ХХК

Гадаад дотоод худалдаа, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл ханган нийлүүлэлтийн чиглэлээр 2010 онд байгуулагдсан. 2011 оны 3-р сараас Оюу Толгойтой хамтран ажиллаж 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 11 ажлын байр шинээр бий болгосон. Гадаад харилцаагаа өргөжүүлэн 'Орем кашмер' салбар компани байгуулаад байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд Батсүмбэр дэх асрамжийн газарт тусламж дэмжлэг үзүүлсэн.

 

Шилдэг дунд ханган нийлүүлэгч – ГЛОБАЛ АЦЕТЕЛИН ХХК

Гагнуур, лабораторийн хийн үйлдвэрлэл, баталгаажилт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч компани. 2010 оноос Оюу Толгой ХХК-ийн ил уурхайд 7 төрлийн хийн нийлүүлэлт, даралтат савны суулгалт баталгаажилтыг хариуцан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 34 ажлын байр гаргаж, тусгай зөвшөөрлийн дагуу сургалтын төв байгуулж өөрсдийн болон харилцагч компанийн ажилтнуудыг сургаж байна. Үйлдвэрлэлийн анхны алхмаас эцсийн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх үйл ажиллагаандаа хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахин ажилладаг.

 

Шилдэг томоохон ханган нийлүүлэгч – ГЕОМАНДАЛ ХХК

Нийтийн хоол, барилга угсралт, тээвэр зуучлал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Оюу Толгой төсөлд 400 ажилтан ажилладаг бөгөөд 2012 онд 40 ажлын байр шинээр бий болгож ажилтнуудаа олон төрлийн сургах мэргэшүүлэх хөтөлбөрт хамруулжээ. Компани ХАБЭАБ Орчны хэлтэстэй болж OHSAS 18001:2007, OHSAS 18002:2008 хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчны стандартыг шинээр нэвтрүүлж ажиллаж байгаа бөгөөд нийтийн хоолны үйлдвэрлэлдээ НАССР буюу Эгзэгтэй Цэгийн Аюултай Байдлын Хяналт нэвтрүүлэн ажиллаж байна.

 

Эрүүл мэнд аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэгч шилдэг ханган нийлүүлэгч – ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ХХК

Оюу Толгой төсөлтэй 2003 оноос эрчим хүчний хангамж, дизель цахилгаан системийн ашиглалт засвар, түүхий усны хангамжийн систем зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж ирлээ. 2012 онд 102 ажлын байр шинээр бий болгож “Эрчим хүчний сургалтын төв“ байгуулан 78 хүнийг мэргэжлийн сургалтад хамруулсан. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг эрхэмлэн 'Ослыг тэглэе' уриан дор ЭМААБО-ны олон талт хөтөлбөр хэрэгжүүлсэн.

 

Нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжигч шилдэг ханган нийлүүлэгч – ТРАНСВЕСТ МОНГОЛ ХХК

2010 оноос эхлэн Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Монголын уул уурхайн тоног төхөөрөмжийн голлох компаниудын нэг болж чадсан. Өнөөдөр 300 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд 2,000 метр2 талбайтай сургалтын танхимууд, лабораториудтай, 1,000 метр2 хэмжээтэй дадлагын газартай 'Транвест Монгол Мэргэжлийн Сургалтын Төв'-ийг байгуулан мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Монголын мэргэжлийн их дээд сургуулиудтай 2012 онд нягт хамтран ажилласан. Ажилтнуудаа Япон, АНУ дахь Комацугийн үйлдвэрт дадлагажуулжээ.

 

Ажил олгогч шилдэг ханган нийлүүлэгч – СИ АЙ ЭС ХХК

Оюу Толгой компаний төслийн талбай дахь катеринг болон бусад холбогдох үйлчилгээ үзүүлдэг. 2012 оны 11 сарын байдлаар шинээр 201 ажлын байр бий болгосон. Өмнөговь аймгийн 911 иргэнийг ажлын байраар хангасан байна. Нийт 1,270 ажилтантай. Компаний ажилтны эрүүл мэнд, сургалт хөгжил, нийгмийн асуудалд өндөр анхаарал тавьдаг бөгөөд өнгөрсөн онд ажилтны эрүүл мэндийн үзлэгт 200 сая гаруй төгрөг, ажилтнуудад буцалтгүй тусламжид 10 сая төгрөг, аюулгүй ажиллагааны нөхцөл сайжруулах хэрэгсэлд 160 сая гаруй төгрөг тус тус зарцуулсан бөгөөд ажилтнуудын цалинг 12.7 хувиар нэмэгдүүлсэн байна.