– Оюу Толгойн ханган нийлүүлэгчид Монгол улсад гэрэлт ирээдүйг бүтээхэд хувь нэмэр оруулж байна –
Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК ханган нийлүүлэгчдийнхээ ололт, амжилтыг тэмдэглэх ‘Эрдэнийн Говь’ арга хэмжээг Дуурь, бүжгийн эрдмийн театрт лхагва гарагийн үдэш зохион байгууллаа. Дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж буй шилдэг ханган нийлүүлэгчдийг шагнах ёслолын арга хэмжээний үеэр Оюу Толгой ХХК-ийн бүх ханган нийлүүлэгчдийн ололт амжилтыг тэмдэглэж, шилдэг 9 компанийг шалгарууллаа. Шилдэг ханган нийлүүлэгч шагналыг Өмнөговийн жижиг, дунд бизнесээс эхлээд үндэсний томоохон нэр хүндтэй компаниуд хүртлээ.
2012 оны Оюу Толгойн ханган нийлүүлэгчдийн 67 хувь нь Монгол компаниуд байсан бөгөөд Оюу Толгой ХХК-ийн зүгээс ирэх жилүүдэд энэ тоог улам бүр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Монгол улсаас аль болох их бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч, үндэсний хэмжээний, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, хөгжүүлснээр Оюу Толгой ХХК Монгол улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, олон мянган ажлын байрыг бий болгож байгаа билээ.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Оюу Толгой компани Монголын бизнесийг өсөн хөгжихөд нь хэрхэн тусалж, олон мянган ажлын байр бий болгож байгааг ‘Эрдэнийн Говь’ ёслолын арга хэмжээ дахин онцлон харууллаа. Шагнал хүртсэн ханган нийлүүлэгчдийнхээ амжилтыг тэмдэглэхээс гадна, бүх ханган нийлүүлэгчдэдээ Монгол улсын гэрэлт ирээдүйг бүтээхэд тусалж, хувь нэмрээ оруулж байгаад баяр хүргэж байна” гэлээ. Тэрбээр “Энэ үдэш шагнал хүртсэн ханган нийлүүлэгчдийн талаар надад төрсөн сэтгэгдэл гэвэл Оюу Толгой ХХК-ийн олон төрлийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын бизнесүүд, аж ахуйн нэгжүүд ханган нийлүүлж байгаа явдал юм. Манай ажилчдын хувцас үйлдвэрлэгчээс эхлээд Оюу Толгой уурхай руу агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч компани хүртэл бүхий л төрлийн ханган нийлүүлэгчидтэй хамтран бид Монгол улсад дэлхийн түвшний уурхайг барьж байгуулж байгаа билээ. Бид Монгол улсад шаардлагатай ур чадварыг бий болгож, бизнесийн байгууллагуудын өсөлт хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна татвар, орлогоор дамжуулан Засгийн газарт болон улсын төсөвт бодит хувь нэмэр оруулж байна” гэж хэллээ.
Оюу Толгой ХХК-тай 2012 онд хамтран ажилласан олон зуун ханган нийлүүлэгчдээс нийт 29 компани шилдэг ханган нийлүүлэгч номинацид нэр дэвшсэн. Оюу Толгой ХХК болон ханган нийлүүлэгчдийн бүтэн жилийн ололт, амжилтыг ‘Эрдэнийн Говь’ ёслол ийнхүү ёслон тэмдэглэлээ. Оюу Толгой уурхай анхны зэсийн баяжмалаа энэ оны 1-р сарын сүүлээр үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт болон жил дамжсан ажил, хөдөлмөрийн үр дүн билээ.
2010 – 2012 оны хооронд Оюу Толгойн зүгээс Монголын бизнес, аж ахуйн нэгжүүдээс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахын тулд 1.4 их наяд төгрөг (1.1 тэрбум ам.доллар) зарцуулсан болно. Монголоос шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг хангах боломжгүй тохиолдолд Оюу Толгой ХХК ирээдүйд тендерт амжилттай оролцоход нь тусалж Үндэсний болон Өмнөговь аймгийн бизнес, аж ахуйн нэгжүүдэд сургалт явуулж, зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.
Шилдэг Ханган нийлүүлэгч ГранПри шагналыг хүртсэн Изинис Эйрвэйз ХХК нь 2006 онд байгуулагдаж, 2007 оноос эхлэн Оюу Толгойн уурхайн талбай руу агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Тус компани 350 ажилчидтай бөгөөд компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, боловсролын хөтөлбөр болон улсын хэмжээний олон арга хэмжээг ивээн тэтгэж, хамтран ажилладаг билээ. Оюу Толгой ХХК-ийн захиалгаар Монголын архитектор, барилгын гэрээт гүйцэтгэгч компаниудын барьсан, Өмнөговийн анхны олон улсын стандартын Ханбумбат нисэх буудал албан ёсоор нээгдэхээс хэдхэн долоо хоногийн өмнө Изинис Эйрвэйз ХХК Оюу Толгойн шилдэг ханган нийлүүлэгчийн дээд шагналыг ийнхүү хүртлээ.
Оюу Толгой ХХК-ийн шилдэг ханган нийлүүлэгчид:
- Гран При: Изинис Эйрвэйз ХХК
- Шилдэг ханган нийлүүлэгч (Томоохон бизнес): Геомандал ХХК
- Шилдэг ханган нийлүүлэгч (Дунд хэмжээний бизнес): Глобал Ацетилин ХХК
- Шилдэг ханган нийлүүлэгч (Жижиг хэмжээний бизнес): Орем Трейд ХХК
- Шилдэг ханган нийлүүлэгч (Өмнөговь): Сэтгэшгүй Хойч ХХК
- Шилдэг ханган нийлүүлэгч (Ханбогд): Аргал Хэт ХХК
- Ажлын байр бий болгогч шилдэг ханган нийлүүлэгч: Си-Ай-Эс ХХК
- Орон нутгийн нөөц боломжийг хамгийн өндөр түвшинд ашиглагч шилдэг ханган нийлүүлэгч: Трансвест Монголия ХХК
- ЭМААБО-ийн шилдэг үзүүлэлт бүхий шилдэг ханган нийлүүлэгч: Энержи Интернейшнл ХХК
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.