Ярилцлага: П.Мөнхтуяа “Хүн зорьсон ажлынхаа ард гарахаар их гоё мэдрэмж төрдөг”

– Оюу Толгой гуравдагч орны уул уурхайн томоохон соёлыг Монголд нэвтрүүлж байгаа –

Оюу Толгой уурхайн Баяжуулах үйлдвэр саяхан анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэж эхэлсэн. Энд Монголын олон зуун инженер, техникийн ажилтнууд дэлхийн хэмжээний шилдэг, техник, технологийг эзэмшин ажиллаж байна. Эдний нэг болох Оюу Толгой уурхайн Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах хэсгийн ахлах инженер П.Мөнхтуяатай ярилцлаа.

Яриагаа хаана, ямар сургууль төгссөн, таны эзэмшсэн мэргэжлийн талаар эхлэх үү?
Би Баянхонгор аймагт 10 жилийн сургуулиа төгсөөд МУИС-ийн Химийн сургуулийн нефть-химийн анхны ангид орж оюутан болж байлаа. Тухайн үед Тамсагийн орд нээсэнтэй холбоотой ийм анги нээж байсан юм. МУИС-ийн 1-р курсийн хавар Боловсролын яамнаас зохион байгуулсан ОХУ-д суралцуулах эрх бүхий шалгалтанд тэнцээд Эрхүүгийн Их сургуульд Химич мэргэжлээр таван жил суралцаж төгссөн.

Төгсөж ирээд хаана ажиллаж байсан бэ. Уул уурхайтай яаж яваад холбогдов?
Сургуулиа 2004 онд төгсөж ирээд химийн чиглэлийн мэргэжлийн хүмүүсийг Эрдэнэт үйлдвэр авдаг гэсэн сургаар очиж шалгалт өгч ажилд орсон. Тэр үед уул уурхайн талаар сайн мэддэггүй байлаа. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн харьяа Технологийн Сургуулийн дэргэдэх Гидрометаллургийн Судалгааны Лабораторид судлаач инженерээр ажлын гараагаа эхлээд, дараа нь Химийн төв лабораторид химийн инженерээр ажиллаж байгаад ОХУ-ын Санкт-Петербург хотын Уулын сургуульд уусган баяжуулах чиглэлээр гурван жил суралцаж, доктор (Ph.D) хамгаалж ирээд 2011 оны 11 дүгээр сараас Оюу Толгой компанид ажиллаж байна.

Оюу Толгой компанид ямар хүмүүс ажилладаг бол. Ажилд орохын тулд ямар мэдлэг чадвартай байх ёстой, шалгаруулалт нь хэр шударга болдог вэ гэсэн асуулт хүмүүсээс их ирдэг л дээ. Таны хувьд яаж ажилд орсон бэ?
Сургуулиа төгсөж ирээд удаагүй байхад Оюу Толгой компанид ажилд авна гэсэн зар гарсан байлаа. Зарын дагуу материалаа бүрдүүлж өгөөд 1, 2-р шатны ярилцлагад ороод тэнцсэн дээ. Миний хувьд гадаадад боловсрол эзэмшсэн, мэргэжлээ дээшлүүлж судалгааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан гээд давуу талууд байсан байх. Бас орос хэлнээс гадна англи хэлний мэдлэг маань тодорхой түвшинд боломжийн байсан болов уу. Би олон улсын оюутан солилцооны хөтөлбөрөөр Герман улсад сургалтад хамрагдаж байсан. Энэ чиглэлээр Монголд ирсэн оюутнуудтай хамтран ажиллаж байсан болохоор орон орны хүмүүсийн соёлыг мэдэх, англи хэлний мэдлэгээ сайжруулах боломж гарч байсан юм.


Анхны зэсийн баяжмалын дээж. 2013.01.31

Таны ажлын өдөр яаж эхэлдэг вэ. Уул уурхайн ажил эмэгтэй хүний хувьд хүнд үү. Шантрах, бэрхшээх тохиолдол гарах уу?
Өглөөний 6.00 цагаас оройны 18.00 цаг хүртэл ажилладаг. Өглөө 6.30-д Үйлдвэр Техникийн Хэлтэсийн Металлургийн хэсгийн хурал, үйлдвэр, техникийн хэлтэсийн удирдах ажилтнуудын хурал болно. Баяжуулах үйлдвэрийн бүх дамжлагын хэсгийнхэн өдөр тутмын хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцаж, санал бодлоо солилцож, тулгарсан асуудлаа хэлэлцэж шийдэцгээдэг. Миний хувьд ажилдаа сонирхолтой, ажлаасаа сэтгэл ханамж авдаг болохоор уул уурхайн ажил хүнд санагддаггүй. Нөгөө талаас тоног төхөөрөмж дээр гардаж биш технологийн процессд хяналт тавьж ажилладаг.

Ажлынхаа онцлогийг маш энгийнээр уншигчдад тайлбарлаж өгөх үү?
Үйлдвэрийн бүхий л дамжлагыг нарийн тайлбарлана гэвэл цаг их орохоос гадна мэргэжлийн бус хүмүүст ойлгомжгүй санагдах байх. Энгийнээр хэлбэл хүдэр боловсруулж зэсийн баяжмал гаргадаг. Зэсийн баяжмалаас зэсээ ялгаж хайлуулна. Баяжмал хамгийн гол нь өндөр агууламжтай байх ёстой. Өнөөдрийн хувьд баяжмал дунджаар 24 хувийн зэсийн агууламжтай байгаа. Өөрөөр хэлбэл 100 гр зэсийн баяжмал байлаа гэхэд 24 гр нь зэс. Бас дагалдах металл бий. Энэ агууламж өдөр бүр тодорхой хэлбэлзэлтэй байдаг. Миний ажлын хувьд баяжмал дахь металлын агууламж, чанарыг өндөр байлгахад анхаардаг. Хэрвээ багасвал хаана, ямар алдаа гарсныг илрүүлэн тодорхойлж, шуурхай арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл өндөр байлгах талаар бүх зүйлийг хийнэ гэсэн үг. Баяжмал дахь агууламж өндөр байх тусмаа зах зээл дээр үнэ цэнэтэй. Нэлээд хариуцлагатай ажил гэж хэлж болно.

Уурхай дээр чөлөөт цаг гарах уу. Яаж өнгөрөөдөг вэ. Говийн цаг агаарт дасаж байна уу?
Хэдийгээр ажил ихтэй, зав багатай байдаг ч хамт олноороо спортоор хичээллэнэ. Голдуу гар бөмбөг, теннис тоглодог. Эмэгтэйчүүдийн хувьд аэробикоор хичээллэдэг. Манай Оюу Толгой төслийн талбай дээр орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон Соёл, спортын төв байдаг. Ажилчдын чөлөөт цагаа өнгөрөөх боломж нөхцөлийг маш сайн бүрдүүлсэн. Би энд ажиллаж эхэлснээс хойш говийн цаг агаарт дассан шүү. Зундаа халуун, өвөлдөө дулаахан бас цэвэр агаартай. Уурхай дээр 28 хоног ажиллаад 14 хоног амардаг.

Та нарын хувьд уурхай дээр гэр бүлээрээ амьдрах хүсэл байдаг уу?
Мэдээж гэр бүлээрээ ажилдаа ойр амьдрах хүсэл байгаа. Оюу Толгой уурхай маань бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулаад, үйл ажиллагаа нь жигдрээд ирэх үед тийм боломж удахгүй гарна гэж бодож явдаг.

Оюу Толгой бол маш том бүтээн байгуулалт. Энэ бүтээн байгуулалтад оролцсоноор хувь хүмүүст ямар боломж гарч байгаа вэ?
Бидний хувьд бүтээн байгуулалтын анхдагчид нь. Аливаа зүйлд анхдагч байна гэдэг бахархалтай, бас боломж олгодог. Тиймээс бүх зүйлд оролцоод, өдөр бүр ихийг сурч мэдэж байна. Оюу Толгой гуравдагч орны уул уурхайн томоохон соёлыг Монголд нэвтрүүлж байгаа.

Оюу Толгой уурхайн Баяжуулах үйлдвэрийн тухай сүүлийн үеийн мэдээллээ хуваалцах уу. Монгол хүн бүрт хамаатай учраас?
Оюу Толгой уурхайн Баяжуулах үйлдвэрийг асаах ёслол өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-нд болсон. Хэдхэн хоногийн өмнө буюу 1 дүгээр сарын 31-нд анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэж эхэллээ. Бид бүхний хувьд Оюу Толгой компанийн нийт ажилтнуудын хувьд зорьсон нэг том зорилтоо биелүүлж чадлаа. Сэтгэл маш өндөр байна. Хүн зорьсон ажлынхаа ард гарахаар их гоё мэдрэмж төрдөг биз дээ. Монгол хүн бүрийн хувьд ийм байгаа гэж бодож байна. Өнөөдөр төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа маань жигдрээд явж байна. Удахгүй зэсийн баяжмалын анхны тээвэрлэлтээ хийхээр төлөвлөж байна. Бидэнд их ирээдүй өмнө маань байгаа. Эхний гурван жил өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулна. Үүний дараа хүчин чадлаа нэмэгдүүлж 150 мянган тонн хүдэр боловсруулж эхэлнэ. Үйлдвэр маань Монголын хамгийн том, хамгийн дэвшилтэт технологитой Баяжуулах үйлдвэр болсон. Бас дэлхийд эхний тавд, Азидаа нэгдүгээрт орох юм.

Бидний яриа Монголын үндэсний баяр цагаан сарын өмнө болж байна. Тиймээс та баярын мэндчилгээ хүргэх үү?
Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Монголын бүх ард түмэндээ, аав, ээж, ах, дүүсдээ, найз нөхөд, ажлын хамт олон болон Оюу Толгой компанийн бүх ажилчдадаа хамгийн сайн сайхныг хүсье.