Хэвлэлийн мэдээ: Ханган нийлүүлэгчдийнхээ амжилтыг тэмдэглэнэ

– Эрдэнийн говь-2012 ёслолын арга хэмжээ 9 төрлөөр шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулна –

Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК дэлхийн хэмжээний уул уурхайн төслийг хамтран бүтээн байгуулж байгаа үндэсний олон зуун ханган нийлүүлэгчдийнхээ амжилтыг өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт тэмдэглэнэ.

Ёслолын арга хэмжээний талаар Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Монгол улсын гэрэлт ирээдүйг бүтээн байгуулахад бидэнд тусалж байгаа бүх компаниуд болон Монгол ажилчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, эдгээр шагналыг олгодог” хэмээн хэллээ. Тэрээр “Бид Монгол улсад оруулж буй хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр түвшинд байлгаж, Засгийн газрын орлогыг нэмэгдүүлж, Монгол улсын эдийн засагт шаардлагатай мэргэжлийн ур чадвар, бизнесийн байгууллагуудыг хөгжүүлж байгаа билээ. Бид өнгөрсөн 2 жилийн хугацаанд томоохон бүтээн байгуулалт хийж, хол замыг туулж чадсан. Энэ арга хэмжээ Монголын олон аж ахуйн нэгж, байгууллагуудыг бидэнтэй хамтран ажиллахад урамшуулан хөтлөнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Оюу Толгой компаниас уламжлал болгон зохион байгуулдаг Эрдэнийн говь арга хэмжээ 4 дэх жилдээ болж байна. Тус ёслолын арга хэмжээний үеэр өмнийн говийн жижиг, дунд ханган нийлүүлэгчдээс эхлээд үндэсний томоохон компаниуд багтсан Оюу Толгойн бүх ханган нийлүүлэгчдийн ололт амжилтыг төрөл тус бүрээр шалгаруулдаг уламжлалтай. Оюу Толгой компанитай 2012 онд хамтран ажилласан олон зуун компаниудаас 29 компани 9 ангилалд нэр дэвшээд байна. Тоног төхөөрөмж нийлүүлдэг жижиг, дундаас эхлээд томоохон барилгын компаниуд энэхүү шагналд нэр дэвшээд байгаа юм.

Өнгөрсөн 1 дүгээр сарын сүүлээс анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэж эхэлсэн Оюу Толгой компанийн хувьд Эрдэнийн говь ёслолын арга хэмжээ оны оргил амжилт, бүтээлийн нэг болно. Нөгөө талаар олон тэрбум долларын хөрөнгө оруулалт болон олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Оюу Толгой ХХК улсын хэмжээний найдвартай, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын тулд хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аль болох үндэсний бизнес, аж ахуйн нэгжүүдээс худалдан авдаг. Өнгөрсөн 2010- 2012 онд 1.4 их наяд төгрөгийн (1.1 тэрбум ам.доллар) бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын компани, аж ахуйн нэгжүүдээс худалдан аваад байна. Мөн шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг ханган нийлүүлэх компани Монгол улсад байхгүй тохиолдолд үндэсний болон өмнийн говийн ханган нийлүүлэгчдэд цаашид тендерт амжилттай оролцоход нь туслах зорилгоор сургалтад хамруулж, тэдэнд зөвлөгөө өгч байна. 2012 онд Оюу Толгойд ханган нийлүүлэлт хийсэн компаниудын 67 хувь нь үндэснийх байсан бөгөөд энэ үзүүлэлтийг цаашид ч нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.