– Уул уурхайн мэргэжлийн ажилтанг анх удаа 4 жилээр сургана –
Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК Монгол улсын мэргэжлийн боловсролд хамгийн их буюу 168 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, томоохон багц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд техник технолгийн 3 жишиг сургууль шинээр барих, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвийг иж бүрэн сайжруулах, 3300 мэргэжлийн ажилтан бэлтгэх, 1200 багш багш сургах, тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг олон ажил хийгдэх юм.
Оюу Толгой ХХК ажилтан бэлтгэх таван жилийн төлөвлөгөө гаргаж, 2010 оноос анхны гэрээт суралцагчдаа авч эхэлсэн. Энэ жил 21 аймгаас 165 хүн шалгаруулж 2 жил онолын хичээл үзэх, 2 жил дадлага хийх байдлаар 4 жил суралцуулахаар боллоо. Эдгээр хүмүүсийн 135 нь хүнд тоног төхөөрөмжийн механик, токарьчин, цахилгаан, нарийн хэмжүүр, автоматжуулалтын техникч, цахилгаанчин, гагнуурчин мэргэжлээр Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуульд суралцана.
Оюу Толгой ХХК өнгөрсөн пүрэв гаригт эдгээр суралцагчидтай үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжил, мэдлэг боловсрол эзэмшүүлэх, цалин олгох талаар гэрээ байгуулсан юм.
Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөцийн ажилтан С.Золзаяа “Оюу Толгой компани эдгээр хүмүүст сар бүр цалин, унааны мөнгө олгоно. Суралцагчид орон нутаг руугаа ирэх, буцах замын зардлаа жилд 2 удаа авна. Хэрвээ сургуулиа амжилттай төгсөөд манай компанийн шаардлага хангавал үндсэн ажилтан болох боломжтой” хэмээн ярилаа.
Вагнер Азиа ХХК-ийн дэргэдэх Сургалтын төвд Оюу Толгой ХХК-ийн гэрээгээр мөн 30 хүн хүнд тоног төхөөрөмжийн механикч мэргэжлээр суралцаж байгаа юм.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.