– Суралцагчид онол, дадлага хосолсон хэлбэрээр суралцана –
Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК уурхайн ажилтнаа бэлтгэх таван жилийн төлөвлөгөө гаргаж, 2010 оноос жил бүр тодорхой тооны суралцагч авч эхэлжээ. Энэ жил 21 аймгаас 165 хүн шалгаруулж, хүнд тоног төхөөрөмжийн механик, токарьчин, цахилгаан, нарийн хэмжүүр, автоматжуулалтын техникч, цахилгаанчин, гагнуурчин мэргэжлээр Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль болон Вагнер Азиа ХХК-ийн дэргэдэх Сургалтын төвд 4 жилээр сургаж бэлтгэх юм.
Оюу Толгой ХХК өнгөрсөн лхагва гаригт Вагнер Азиа ХХК-ийн дэргэдэх Сургалтын төвд хүнд тоног төхөөрөмжийн механикчаар суралцаж байгаа 30 хүнтэй үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжил, мэдлэг боловсрол эзэмшүүлэх, цалин олгох талаар гэрээ байгууллаа. Суралцагчид орон нутагтаа ирэх, буцах замын зардлаа жилд 2 удаа авах бөгөөд хэрвээ сургуулиа амжилттай төгсөөд Оюу Толгой компанийн шаардлага хангавал үндсэн ажилтан болох боломжтой юм.
Тэдгээр суралцагчдын нэг Б.Баярсайхан “Дорнод аймгаас ирсэн. Би инженерийн мэргэжилтэй. Өмнө нь аймгийнхаа тээвэр автозамын газарт нярав, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Инженерийн чиглэлээр ажиллах сонирхолтой болохоор энэ мэргэжлийг сонгосон. Уул уурхай бол Монголын ирээдүй. Би сайхан амьдрах, бас уул уурхайн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах хүсэлтэй суралцаж байна” гэж ярилаа.
Харин Архангай аймгаас ирж суралцаж байгаа А.Нэргүй “Шалгаруулалтад орж тэнцэн, суралцаж байгаадаа баяртай байна. Уул уурхай Монголд эрчимтэй хөгжиж байна. Энд ажиллах нь цалингийн хувьд боломжийн, тиймээс энэ мэргэжлийг сонгосон” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.