– Бүтээн байгуулалт, нөхөн сэргээлт хамтдаа явагдаж байна –
Монгол улс, Улаанбаатар хот – Уурхайн хаалт ба байгаль орчны нөхөн сэргээлт'-ийн онол практикийн 7 дугаар бага хурал энэ сарын 13-15-ны хооронд болно. Энэ удаа ерөнхий зохион байгуулагчаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн газар, харин ивээн тэтгэгч болон туршлага солилцох газраар Оюу Толгой ХХК ажиллахаар болсон юм.
Хурлаар байгаль орчныг хамгаалах тухай хууль эрх зүйн шинэчлэлт болон тэдгээрийн хэрэгжилт, нөхөн сэргээлтийн талаар хийгдэж байгаа шинэлэг ажлуудын үр дүн, алдаа дутагдлыг хэлэлцэх, уурхайн бүтээн байгуулалтын үе шатанд нөхөн сэргээлтийн ажлыг урьдчилан төлөвлөх, хийж байгаа ажилтай нь уурхайн талбар дээр үзэж танилцах, оролцогчид санал бодлоо солилцох, туршлагаа хуваалцах зорилготой юм. Энэ арга хэмжээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, сумдын байцаагчид болон уул уурхайн компаниудын байгаль орчны асуудал эрхэлсэн төлөөлөгч зэрэг 300 гаруй хүн оролцохоор болжээ.
Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн зөвлөх Ж.Оюусувд: “Оюу Толгой ХХК-ийн хувьд уурхайг барьж байгуулах явцдаа байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хамтад нь төлөвлөн, хийж гүйцэтгэж байна. Тиймээс энэ удаагийн бага хурлаар хийж байгаа ажлаа бусад уул уурхайн компанийнхан, холбогдох мэргэжлийн хүмүүст нь танилцуулан, туршлагаа хуваалцаж байгаагаараа онцлогтой” хэмээн ярилаа.
Хуралд оролцогчид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Оюу Толгой төслийн талбайд зочилж, уурхайн бүтээн байгуулалт болон байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилтай газар дээр нь танилцах юм.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.