Бид үйл ажиллагаагаа явуулж буй орон нутгийнхаа түүх, соёлын өвийг хамгаалахад хувь нэмрээ оруулах зорилгоор дараах хоёр хүрээнд ажиллаж байна. Соёлын өв гэдэгт орон нутагт ёс уламжлалын дагуу өв уламжлагдсан буюу түүхэн ач холбогдолтой, орон нутгийнхны нийтээр хүлээн зөвшөөрсөн биет болон биет бус өвийг хамруулан авч үздэг.
- Соёлын өвийн менежментийн систем
Үйл ажиллагааны бүх шатанд соёлын өвийг хамгаалахын тулд компанийн дотоод ажиллагаанд даган мөрдөх журмуудыг нэгтгэсэн “Соёлын өвийн менежментийн систем” –ийг боловсруулан хэрэгжүүлж байна. Үүнд дараах зүйлс багтана:
- Соёлын өвийн урьдчилсан судалгаа, үнэлгээ
- Дурсгалт газрыг хамгаалах төлөвлөгөө
- Сургалт
- Мэдээллийн сангийн удирдлага (СӨ-ийн GIS буюу газарзүйн мэдээллийн систем орно)
- Газар хөндөх зөвшөөрөл
- Дурсгалт газрын хяналт мониторинг
- Соёлын дурсгалт зүйлс олдоход баримтлах журам зэрэг багтана.
Соёлын өвийн хөтөлбөр
Бид уурхайн үйл ажиллагааг явуулахдаа орон нутгийн хүн ардын уламжлалт ахуй амьдрал, зан заншил, өв соёл, үнэт зүйлс зэргийг ойлгож түүнд хүндэтгэлтэй хандах зарчмыг баримталдаг. Тиймээс орон нутгийн соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэн үлдээх, сурталчлах чиглэлээр орон нутгийн талууд болон эрдэм шинжилгээний мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хөтөлбөрийг 2010 онд боловсруулсан ба Өмнөговь аймагтай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээндээ соёлын өвийн чиглэлийг мөн тусган ажиллаж байна. “Оюу толгой” төслийн Соёлын өвийн хөтөлбөрийн тайланг эндээс үзнэ үү.
Шар цав, Хүрдэт агуйн соёлын өвийг аялал жуулчлалтай хослуулан хамгаалах төсөл:
Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Шар цав хэмээх газарт 4-5 төрлийн үлэг гүрвэлийн 6-70 см урттай 18,000 гаруй мөрт газар, Ханбогд сумын нутагт 32 бүлэг хятад, монгол, төвд бүхий XVIII -зууны үеийн бичээс бүхий өвт газруудыг байгаль цаг уур болон хүний буруутай үйл ажиллагаанаас устан үгүй болохоос сэргийлэх, жуулчдыг татах цогц байгууламж бий болгох зорилготой. Төслийг санаачлагч “Оюу толгой” ХХК, захиалагч Өмнөговь аймгийн ЗДТГ, “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-г 413 сая төгрөгөөр санхүүжүүлэн “Палеонтологийн олдворыг хамгаалах нийгэмлэг” гүйцэтгэв. Шар цав, Хүрдэт агуйн соёлын өвийн дурсгалт газруудыг хамгаалснаар хойч үедээ өвлүүлэн үлдээх, тус бүс нутагт түшиглэсэн аялал жуулчлалын дэд бүтцийг байгуулж, орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Хариулт үлдээнэ үү