Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирлын тухай зарим улс төрчдийн хийсэн мэдэгдэл нь ор үндэсгүй, ташаа мэдээлэл юм
Монгол улс, Улаанбаатар хот. Оюу Толгой ХХК-ийн эсрэг, тэр тусмаа түүний Гүйцэтгэх Ерөнхий захирлын талаар УИХ-ын зарим гишүүдийн гаргасан ор үндэслэлгүй мэдэгдэлд бодит хариулт, няцаалтыг өгөх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр Оюу Толгой компани зохион байгууллаа.
Гүйцэтгэх Ерөнхий захирал хэзээ ч Монголын Засгийн газрыг шуналтай хэмээн мэдэгдэл хийгээгүй гэдгийг мэдсээр байж УИХ-ын заримгишүүд ийм мэдэгдлийг олон нийтэд хийлээ. Тухайн өгүүлэл бичсэн Австралийн сонин нь “шунал” гэсэн утгатай үгийг зөвхөн гарчиг хэсэгтээ ашигласан бөгөөд алдаа гаргаснаа ойлгож гарчгаа сольсон юм.
Оюу Толгой ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч А.Мөнхбат энэхүү баримтыг сэтгүүлчдэд дахин үзүүлээд, Оюу Толгой компанийн захирал гадаадын сонинд ямар ч ярилцлага өгөөгүй байхад зарим УИХ-ын гишүүд Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх Ерөнхий захирлын гадны сонинд өгсөн “ярилцлага”-ыг уншсан мэтээр ярьж байгааг энд онцоллоо.
“Оюу Толгой монголчуудын өмнө хүлээж байгаа өндөр хариуцлагаа ухамсарлаж, амласан амлалтаа биелүүлэх болно. Монголын ирээдүйн хөгжлийг бүтээлцэхэд ил тод, шударга харилцаа хамгийн чухал юм. УИХ-ын гишүүдийн хийж буй эдгээр мэдэгдэл нь ор үндэслэлгүй бөгөөд зарим нь итгэхэд бэрх мэдэгдэл юм” хэмээн А.Мөнхбат мэдэгдлээ.
Австралийн сонин хэрхэн ташаа мэдээлэл гаргасан тухай, “Дисковер Монголиа” чуулга уулзалтын үеэр Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх Ерөнхий захирлын хэлсэн үг нь бүрэн эхээрээ Оюу Толгой компанийн вэб болон Facebook хуудсанд олон нийтэд нээлттэй бий гэдгийг мөн тэрбээр нэмж хэлсэн юм. Мөн “Оюу Толгой компанийн Гүйцэтгэх Ерөнхий захирал хэзээ ч монголчуудыг үл хүндэтгэсэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд үүнийг олон нийтэд бид ил тод хүргэж байгаа. Бид үүнээс илүү ил тод байх боломжгүй” гэж тэрбээр тайлбарлалаа.
“Оюу Толгой төсөл дээр бидний элэг нэгт 10 мянган монголчууд ажиллаж байгаа. Бид дэлхийн жишиг, шилдэг технологийг нэвтрүүлж, Монголын хойч үе, ирээдүйн хөгжлийг бүтээлцэж байна. Энэ л хамгийн чухал юм” хэмээн Оюу Толгой ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч А.Мөнхбат хэллээ.
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк хаяг Твиттер хаяг -аар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.