Эксковаторын шанагаар бөмбөг цохиж өрсөлджээ

Ур чадвартай, мэдлэгтэй олон хүн Оюу Толгой уурхайд ажилладаг. Тэдний нэг бол Ил уурхайн оператор Л.Ариунболд юм. Түүний хувьд уул уурхайтай ажил, амьдарлаа холбоод зургаан жил болжээ. Оюу Толгой уурхайд хоёр дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд эксковатор болон хүнд даацын машин жолоодож байгаа юм.

Л.Ариунболд саяхан болсон Монголын уул уурхайн Үндэсний ассоциаци, ‘Вагнер Ази тоног төхөөрөмж’ компани хамтран зохион байгуулсан ‘Шилдэг оператор’ шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцож, эксковаторын төрөлд тэргүүн байр эзэлжээ. Энэ тэмцээнд CAT Excavator, CAT Wheel Loader, CAT Motor Grader, CAT Dump Truck гэсэн дөрвөн төрлийн тоног төхөөрөмж дээр Оюу Толгой, Бороо гоулд, Эрдэнэс Таван Толгой, Хишиг арвин индустриал зэрэг уул уурхайн томоохон компаниудыг төлөөлж 75 оператор мэргэжлийн ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж оролцсон байна.

Операторуудын хувьд уг тэмцээн нэр хүндтэй төдийгүй авьяас чадвараа сорих боломж хэмээн үздэг аж. Тэмцээний талаар Л.Ариунболд “Операторууд САТ тоног төхөөрөмжүүд дээр янз бүрийн даалгавар гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвараа сорьдог. Оюу Толгой компаниас 10 гаруй хүн оролцсон. Миний хувьд эксковаторын шанагаар 10 метр зайтай зориулалтын нүхэнд хоёр үйлдлээр 52 секундийн хугацаанд бөмбөг цохиж оруулсан байгаа. Хамгийн богино хугацаанд гүйцэтгэж тэргүүлсэн. Хурд, хүчийг тааруулж, сандрахгүй тайван гүйцэтгэх нь чухал юм билээ” гэж ярилаа. Түүний хувьд мэргэжлийн тэмцээнд оролцож, ур чадвараа сорих бодолтой явдаг байж. Тиймээс амарч байхдаа зар сонсоод, зорьж оролцсон аж. Бас дараа жилийн тэмцээнд ч оролцох бодолтой гэдгээ хэлнэ билээ.

Тэрээр “Бид хамгийн сүүлийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж ашигладаг. Бүх засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийдэг болохоор бидний хувьд зөвхөн ажлаа л сайн хийх ёстой. Манай компани хүмүүсээ бүх төрлийн техник дээр ажиллаж, өсч хөгжих, сурах нөхцөл бүрдүүлж байдагт нь их баярлаж явдаг” хэмээн ярьж байсан.

Өнөөдөр ур чадвар, мэдлэгтэй олон мянган ажилтны хүчээр Оюу Толгой уурхайн үйл ажиллагаа аюулгүй, найдвартай тасралтгүй явагдаж байна.