Хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан сурагчид батламжаа гардлаа

“Оюу толгой” компанийн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдаж, сургалтаа дүүргэсэн сурагчид өнөөдөр батламжаа авлаа.

Сурагчид 2014 оны 12 дугаар сараас эхлэн 3 сарын турш манлайллын болон хувь хүний төлөвшлийн чадамжуудын сургалтуудад хамрагджээ. “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх төгсөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Эрдэмд оргилгүй гэдэг. Улам хичээгээрэй. Та бүхэн Оюу толгой болон Монголын улсын ирээдүй юм” гэж онцоллоо.

Жил бүр ЕБС-иудын төгсөх ангийн сурагчдаас шалгаруулж, хөтөлбөрийн эхний шатанд хамруулан, тэднээс 5 шилдэг сурагчид дотоодын их, дээд сургуульд суралцах сургалтын тэтгэлэг олгохын зэрэгцээ дараагийн шатны сургалтуудад үргэлжлүүлэн хамруулдаг. Энэ хичээлийн жилд Улаанбаатар хот дахь улсын 45, хувийн таван сургуулиас 220 сурагч материалаа ирүүлснээс 56 сурагч шалгарч, хөтөлбөрийн эхний шатны сургалтуудад хамрагдсан байна.

Энэ үеэр БСШУ-ны яамны Инноваци, өндөр технологийн газрын дарга Л.Лувсанжамц “Энэ хөтөлбөр сурагчид ирээдүйд эх орондоо хэрэгтэй хүн болох, зөв мэргэжил эзэмшихэд чухал дэмжлэг болжээ” хэмээн хэллээ.

“Оюу толгой” компаниас хэрэгжүүлдэг дотоод, гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах залуусыг илүү чадавхижуулахын тулд ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулан энэхүү хөгжлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж байна.

Таван шаттай хөтөлбөр нь Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусыг ахлах ангиас нь эхлээд их, дээд сургуульд суралцах хугацаанд нь хөгжүүлж, ирээдүйн чадварлаг мэргэжилтэн, цаашлаад улс орны ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой юм.

Сургалтын үе шатууд нь өөрийгөө танихуй, багаар ажиллах чадвар, өргөн хүрээнд сэтгэх, төслийн менежмент, сургагч багшийн сургалт зэрэг ерөнхий агуулгатай байдаг. Эдгээр сургалтын явцад сурагчдын манлайлах, бүтээлч, үр дүнтэй харилцаа тогтоох, өөрийгөө хөгжүүлэх, удирдах, ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах, хамтын ажиллагаа бий болгох, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах зэрэг чадваруудыг хөгжүүлдэг.