Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулж буй нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн Газар болон Рио Тинто, Айвенхоу Майнз компаниуд баталгаажууллаа

 

Монгол Улс, Улаанбаатар хот – Монгол Улсын Засгийн Газар болон Рио Тинто, Айвенхоу Майнз компаниуд Оюу Толгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулж буй нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулан өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг нэмэлт өөрчлөлт нь дэлхийн эдийн засгийн сэргэлттэй уялдан гарч ирсэн бөгөөд Оюу Толгой төслийн санхүүжилтийг улам бүр баталгаажуулж өгч байна.

Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар болон Рио Тинто группын Зэсийн бүлгийн ерөнхий захирал Эндрю Хардинг, Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей нар Төрийн ордонд гарын үсэг зурлаа.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний нөхцлийг дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн цаг үед анхлан хэлэлцэж байсан бөгөөд банкны санхүүжилт авах боломжгүй, зээлийн хүү өссөн, зах зээл дээрээс хөрөнгө босгох зардал нэмэгдсэн үе байв. Дэлхийн эдийн засаг сэргэж, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр зээлийн хүүг бууруулах боломж бүрдэж байна.

Гэрээнд гарын үсэг зурсны дараа Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРейь “Энэхүү Гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсанаар Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Оюу Толгой уурхайг харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр ашиглах хамтын хүчин чармайлтаа дахин нотоллоо.

Монгол Улсын Засгийн Газар Хувь нийлүүлэгчдийн болон Хөрөнгө оруулалтын гэрээг тууштай хэрэгжүүлэх бодлого баримталж буй нь олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсыг хөрөнгө оруулахад таатай газар гэдгийг батлан харуулж байна. Нөгөө талаас эдгээр гэрээнүүд нь тогтвортой байх нь маш чухал юм. Ингэснээр Монголд хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлж эдийн засгийн өсөлтийг хангах боломжтой болох юм.” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Оюу Толгой нь Монгол Улсад хэрэгжиж байсан төслүүдээс хамгийн том нь бөгөөд уурхайн эхний үе шатыг барьж байгуулахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ нь Монгол Улсын 2010 оны ДНБ-ий хэмжээтэй дүйцэхүйц болж байна.

Дэлхийн тэргүүлэх эдийн засагчдын нэг доктор Брайн Фишерийн хийсэн эдийн засгийн загварчилсан судалгааны дүнгээс үзэхэд Оюу Толгой төсөл дангаараа 2017 он гэхэд Монгол Улсын эдийн засгийг 35%-иар өсгөх юм.

Оюу Толгойн хөрөнгө оруулалтын үр дүнд Монголын эдийн засагт өгөөжөө хэдийнээ өгч эхэлсэн бөгөөд барилга, агаарын тээвэр, зочид буудлын салбарын өсөлт үүнийг батлан харуулж байна.

Оюу Толгой төслийн тухай

Оюу Толгой төсөл нь Монгол Улсын Засгийн Газар болон Рио Тинто, Айвенхоу Майнз компаниудын гурвалсан түншлэлээр хэрэгжиж буй юм. Оюу Толгой нь дэлхийн хамгийн том, агуулга өндөртэй зэсийн уурхайнуудын нэг болох бөгөөд уурхайг барихад 5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Монгол Улсын Засгийн Газар Оюу Толгойн 34%-ийг эзэмшдэг ба ноогдол ашиг, төрөл бүрийн татвар, байгалийн баялаг ашигласны татвар зэргээр төслийн үр ашгийг хүртэнэ.

Оюу Толгой Монгол орны ирээдүйн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Үйлдвэрлэлийн үе шатанд байнгын ажиллах хүчний 90%-ийг Монголчууд бүрдүүлнэ. Оюу Толгой боловсрол, сургалтын чиглэлээр 78 тэрбум (58 сая ам.доллар) төгрөгийн хөрөнгө оруулалт хийж буйн зэрэгцээ Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр нэмэлт 36 тэрбум (27 сая ам.доллар) төгрөгийн өртөгтэй төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Оюу Толгойн үйл ажиллагааны тэргүүлэх зарчмууд нь ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны менежментийн тэргүүн туршлага, нийгмийн тогвортой хөгжил бөгөөд Монголын нийт иргэдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа чиглүүлэн тэдэнтэй нягт холбоотой ажиллахыг эрмэлздэг.

Үйл явдлын фотог энд дарж үзнэ үү.