Уст цэгийг нэмэгдүүлснээр малчид отор хийх, бэлчээрээ сэлгэх боломж бүрдэж байна

Гурван суманд худаг гаргах, ус цэг сэргээн засах ажил хийнэ.

“Оюу толгой” компани өнгөрсөн 2013 онд Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд 27 гар худаг, 12 гүн өрмийн худаг засаж сайжруулжээ. Үүний үр дүнд усан хангамж сайжирч, малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутгаа сэлгэж ашиглах боломж бүрдсэн тул малчид ч сэтгэл хангалуун байгаа юм.

Говь нутгийн малчдад бэлчээр нь байдаг ч худаг, уснаас шалтгаалаад ашиглаж чадахгүй тохиолдол цөөнгүй бий. Тиймээс “Оюу толгой” компани үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр гурван сумын малчидтай хамтран шинээр худаг гаргах, хуучин худгуудыг засч сайжруулах ажлаа дөрөв дэх жилдээ хийж байна.

“Оюу толгой” ХХК-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн ерөнхий менежер Ш.Байгалмаа “Уст цэгийн тоог нэмэгдүүлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах нь говийн бүсийн малчдын хувьд амин чухал асуудлын нэг байдаг. Тиймээс Оюу толгой компани энэ ажлыг сумын Засаг даргын Тамгын газар болон малчдын санаачилга, хамтын оролцоонд тулгуурлан амжилттай гүйцэтгэж байна” хэмээн ярилаа.

Энэ жилийн хувьд гар худгийн засварын ажилд орон нутгийн малчдын хоршооны гишүүд биечлэн оролцож байгаагаараа өмнөх жилүүдээс онцлогтой юм. Харин малчид худгаа хүлээж авсны дараа хамгаалах, арчлах ажлаа өөрсдөө хариуцдаг.